Хааны гэр бүл алтан хуримаа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Хааны гэр бүл алтан хуримаа тэмдэглэв

Испанийн хаан  I Хуан Карлос хатан хаан София хоёр энэ даваа гаригт гэр бүлийнхээ хүрээнд “алтан” хуримаа тэмдэглэжээ. Тэр өдөр ямар нэгэн баярын арга хэмжээ болсонгүй.

Хамтарсан амьдралынхаа 50 жилийн ойг даруухан тэмдэглэх шийдвэрээ I Хуан Карлос сарын өмнө гаргасан юм. Тэр нь Ботсванад зааны ан хийж яваад түнхээ мултлан эмчлүүлж байгаатай огт холбоогүй гэнэ.

Хааны ордноос энэ ойд зориулан хэвлэл мэдээлийн төлөөлөгч нарт тэдний хамтарсан амьдралын хамгийн сайхан үеүүдийг харуулсан 50 гэрэл зурагтай цомгийг л гаргасан байв.

1962 оны тавдугаар сарын 14-нд тэдний хамт гэрлэлтээ бүртгүүлсэн 17 хосод өгсөн амлалтаа хаан биелүүлээгүйг хэвлэлээр бичиж байна. Хаан мөнгөн хуримын ёслолын үеэрээ тэднийг  өөрийн алтан хуриманд урин “Би таяг тулчихсан байсан ч та бүхэн миний алтан хуриманд уригдана” хэмээн хэлсэн байжээ.

I Хуан Карлос 1938 оны нэгдүгээр сарын 5-нд Ром хотноо төржээ. Хааны гэр бүл 1931 онд бүгд найрамдах улс болсоны дараа хөөгдмөл маягаар Ромд амьдарч байсан юм.  Эцгийн хүссэнээр Хуан Карлос Испанид боловсрол эзэмшсэн байна. Мадридын Хувилгаан Исидорын сургуульд тэрээр бакалаврын зэргийг 1954 онд хамгаалаад үргэлжлүүлэн суралцсан юм. Дараа нь цэргийн нисгэгч болжээ.

1960-1961 онуудад Мадридын их сургуульд суралцан Үндсэн хууль эрх зүй ба олон улсын хууль зүй, эдийн засаг, татварыг судалсан байв.  Хуан Карлос 1962 оны тавдугаар сарын 14-нд Грекийн I Павел хаан ба хатан хаан Фридерикагийн охин София гүнжтэй гэрлэх ёслолоо католик ба үнэн алдартны шашны ёсоор хоёр удаа хийсэн байв. Тэдний хуриманд Европын хаадын ордны 137 төлөөлөгч, таван хаан,  долоон хатан хаан уригдсан юм. Жилийн дараа тэднийд өнөөгийн Елена гүнж төрсөн юм. Дахиад нэг охин нь хоёр жилийн дараа төржээ. 1968 онд хаан ширээ залгамжлагч хүү Филипп нь төржээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж