Лиценз цуцалснаар Налайхын асуудлыг шийдэхгүй | News.MN

Лиценз цуцалснаар Налайхын асуудлыг шийдэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Лиценз цуцалснаар Налайхын асуудлыг шийдэхгүй

Налайхын уурхайг 20 жилийн өмнө хаасан боловч одоо хэр нь иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдийг умартан, амиа нүүрс олборлосоор байна. Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны Тасгийн дарга Т.Тамиртай уулзаж Налайхын уурхайн асуудлаар ярилцлаа.

-Налайхын уурхайд хоёр жилийн өмнө дөрвөн иргэн дарагдаж, олон өдрийн дараа гаргаж байсан. Гэтэл сая­хан 70 метрийн гүнд хоёр хүн да­раг­даж амиа алдлаа. Уурхай гэж нэрлээд байгаа амнууд хэний мэдэлд байдаг юм бэ?

-Монгол Улсад хувиараа ашигт малтмал олборлогч иргэд 1995 оноос бий болсон. Уурхайг 20 жилийн өмнө хаасан гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Үргэлжлүүлж хайлт хийхийг хүссэн аж ахуйн нэгжид манай газар зөвшөөрөл олгосон.

-Аж ахуйн нэгж байдаг юм уу. Иргэн Дорж, Батын ам гэсэн нэртэй  л байдаг юм билээ?

-Манай газар ашигт малтмал олбор­­­лох, хайх  эрх хүссэн иргэнд зөв­шөөрөл олгож байгаагүй. Хуулиндаа ч тийм заалт байхгүй. Хуулийн этгээдэд л лиценз олгодог. Би тусгай зөвшөөрлийн асуудал хариуцдаггүй ч албан бус тоо байна. Налайх дүү­рэгт зөвхөн нүүрс олборлох бус барил­гын материал элс, хайрга, шавар олбор­лох зөвшөөрөлтэй 105 аж ахуйн нэгж байна. Үүнээс 37 нь нүүрс олборлох зөвшөөрөлтэй.

-Аж ахуйн нэгж  юм бол яагаад  хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангадаггүй юм бэ. Танайх үүнд анхаарал тавьдаг уу?
 
 -Тусгай зөвшөөрлийн талбай дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй, зөвшөө­рөл­тэй хэрнээ аюулгүй ажиллагааг зөрчиж байгаа үйл ажиллагааг  хууль бус гэж үзнэ. Одоо гараад бай­гаа энэ асуудлууд бүгд хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй.Харин малтмалын газар хууль бус ажлыг зохицуулах үүрэггүй. Харин ашиглалтын болон хайгуулын эрх эзэмшиж байгаа үйл ажиллагааг зохицуулах, тухайн салбарын хуулийг хэрэг­жүүлдэг байгууллага. Хууль бус үйл ажиллагааг тухайн нутаг дэвс­гэрийн  цагдаагийн  байгууллага тас­лан зогсоож, мэргэжлийн хяналтын байгууллага хянах үүрэгтэй.

-Мэргэжлийн хяналтын байгууллагад уурхайн үйл ажил­лагааг нь зогсоох, хаах эрх байдаг юм уу. Акт үйлдэхээс хэтэрдэггүй бололтой?

-Тэдэнд эрх байхгүй бол өөр хэнд эрх байна гэж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт геологи, уул уурхайн асуудал хариуцсан алба байгаа. Байцаагчийн дүгнэлтээр төрийн байгууллага эцсийн шийдвэр гаргадаг.

-Хүн амьдралаа залгах гэж тэр ам руу орж байгааг харахад ч хүнд юм билээ. Хэзээ, хэн ч ороод амь насаа алдахад бэлэн нөхцөл тэнд бүрдээд удаж байна. Ашигт малт­малын газар энэ байдлыг цэгцлэх ёстой мэт санагдах юм?

-Хуулиндаа Доржид лиценз олгож болно өөр хүнд болохгүй. Батын эзэм­шиж байгаа эрхийг Доржид өгнө гэ­сэн зүйл заалт байхгүй. Хуулийн да­гуу бичиг баримтаа бүрдүүлээд ир­сэн хүнд ашигт малтмал олборлох, хай­гуул хийх эрхийг нь өгдөг. Лиценз цуцалснаар хүний амь нас хохироод байгаа асуудал зогсохгүй.

-Ер нь ямар тохиолдолд лицензийг цуцалдаг юм бэ?

-Лиценз цуцалснаар энэ асуудал шууд зохицуулагдахгүй. Лиценз эзэм­шигчийн ирүүлсэн нотлох баримт бич­гийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл Геологи, уул уурхайн ка­­даст­­рын албаны дарга лиценз эзэмшигч болон барьцаалагчид  дүг­нэл­тийн тухай мэдэгдэж лицензийг цуцална. Лиценз эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн байдлаа алдсан, төлбөл зохих лицензийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу заасан хугацаанд лицензийн төлбөр, алданги төлөөгүй үед цуцална гэх мэт таван зүйл байдаг. Хуулинд хүний амь нас хохирсон үед цуцална гэсэн зүйл заалт байдаггүй.

-Монгол Улсад уул уурхайн аврах алба ганцхан байдаг. Тэр нь Налайхад байгаа нь тэнд ямар аюул­тай байгааг харуулаад байх шиг санагдах юм?

-Уул уурхайн аврах анги 1953 онд байгуулагдсан. Тухайн үед 2010 онд Налайхад осол их гарна гэж байгуу­лаагүй болов уу.

-Уул уурхайн судалгааны ажлыг хариуцаж байгаа хүний хувьд та­наас нэг зүйл асуумаар байна. На­лайхын  уурхайг энэ чигээр нь ажил­луулсаар байх уу, цаашид яах ёстой юм бэ?

-Бид хяналт шалгалт, судалгаа хийс­ний дараа асуудлыг ярилцах бо­дол­той байна. Өмнө хийсэн су­далгаагаа харьцуулж ямар өөрчлөлт гарсан, байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоох учир­тай. Хууль бусаар ажиллаж байгаа газ­раас гадна хууль журмын дагуу аж­лаа хийж байгаа олон хүн байгаа учир ялгаж, салгаж ойлгох  хэрэгтэй.

Х.Сүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-10 202.180.220.35

ажлаа мэддэггүй залуу бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж