“Дундговь-газар шороо” хөдөлгөөний ажлын хэсэг уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн сөрөг нөлөөлж байгаа, түүнээс сэргийлэх ямар арга зам байгааг судалж нутгийн иргэдэд “Байгаль орчин, экологийн тулгамдсан асуудал, нутаг орноо цөлжилтөөс аврах арга зам” сэдвээр цуврал лекцийг аймгийнхаа бүх суманд уншиж яваа юм. Ажлын хэсгийнхнийг сумдын иргэд талархан хүлээн авч нутаг орноо цөлжилтөөс хэрхэн аврах, байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд ямар арга хэмжээ авбал зохистой талаар санаа бодлоо солилцон илэн далангүй яриа өрнүүлж байна. Харин Баянжаргалан суманд болсон тийм нэгэн уулзалтын дундуур Улаанбаатар хотод хувийн ажлаар яваа, тус сумын Засаг дарга Г.Туяа утсаар загнаж тэнд албан ажлаар яваа хөдөлгөөний гишүүдийг хэл амаар доромжлон ажилтнууддаа үүрэгдэн лекцийг дуусгалгүй тараалгасан байна. Дотоод гадаадын хамгийн олон компани ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулан унаган байгаль нь сумын төвийн дэргэдээсээ онгичин сэндийлгэгдсэн, мөн Таван толгой-Чойрын замаар хүнд даацын машинаар өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэн бэлчээр нутаг нь сүйтгэгдэж байгаа энэ сумын Засаг дарга юундаа ингэтэл эгдүүцсэн нь анхаарал татах асуудал биш үү? Гадаад дотоодын уул уурхайн компаниудыг ингэтэл өмөөрч өмгөөлөн хамгаалж цухалдах ямар учир энэ Засаг даргад байгааг холбогдох байгууллага анхааралдаа авч шалган тодруулах хэрэгтэй юм биш үү?
С.ПҮРЭВСҮРЭН (Дундговь)