Инноваци биелэгдэшгүй мөрөөдөл үү?

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Инноваци биелэгдэшгүй мөрөөдөл үү?

Одоогоос арав гаруй жилийн тэртээ Монгол Улс инновацийн талаар ярилцаж, Монголд хэрхэн нөлөөлөх талаар маргалдаж, мэтгэлцэж байсан түүхтэй. Тухайн үед Дэлхийн банкны суурин төлөөлөгч хүртэл ирж инновацийн бодлогын талаар зөвлөлдөж байжээ. Гэвч өнөөдөр Монгол Улсад инноваци хэрэгжиж, эдийн засгийн салбарт тодорхой нөлөөлөл үзүүлж чадах уу? Энэ асуултанд мэргэжилтнүүд “үгүй” гэж хариулж байна. Учир нь үндэсний хэмжээний томоохон лаборатори, боловсон хүчин, шинжлэх ухааны нээлтүүдэд төрөөс өгдөг төсөв, мөнгө нь дутмаг болохоор тэр.

Гэтэл бидэнтэй зэрэг гараанаас эхэлсэн Казахстан, Польш, Украйн зэрэг улсуудад инноваци нь эдийн засгийн бодит хүчин зүйл болсон төдийгүй дэлхийн бусад улсуудтай инновацийн технологи, мэргэжилтнүүдийг солилцдог болсоор уджээ.

Бидэнд боломж бий юу?

Уг нь инновацийн талаар төрөөс нэгдсэн бодлого боловсруулж, системтэйгээр хөгжүүлбэл боломж бий. Гэхдээ одоогийн нөхцөлд боломж нь алга байна. Учир нь төрийн бодлого, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж хангалтгүй болохоор тэр. “Юуны өмнө тусдаа институтыг бий болгох хэрэгтэй. Инновацийг хэрвээ тухайлсан газар, агентлагийн мэдэлд оруулчихвал хариуцдаг эзэн нь тодорхой учраас тусдаа бодлого гаргаж хэрэгжүүлэхэд хялбар болно. Уг нь бид энэ тухай арав гаруй жил ярьсан. Гэхдээ одоо болтол шийдвэр гаргах төвшинд ч, олон нийтэд ч инновацийн ойлголт дутмаг байгаагаас хөгжил нь удаан байгааг нуух зүйлгүй” гэж ШУТИС-ын Компьютер, техник менежментийн сургуулийн дэд профессор, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Л.Оюунцэцэг ярьж байна.

Засгийн газраар инновацийн хуулийн төслийг танилцуулсан ч ирэх намрын чуулганаар УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон билээ. Эрдэмтэн, судлаачид энэ хуулийг нэг талаар буруу батлагдах гэж байна хэмээн үздэг. “Хуулийг хэн, яаж, хэрхэн гүйцэлдүүлэх нь тодорхойгүй байгаа. Хэн зохицуулах нь ч тодорхойгүй. Тэгээд ч боловсон хүчин, судалгааны ажилтан, мэргэжлийн лаборатори дутуу байхад мянган сайхан хууль батлагдаад ямар ч нэмэр байхгүй” гэж доктор, профессор Л.Халтар ярьсан юм.

Одоогийн байдлаар тухайн компаниуд инновацийг хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Ямарваа нэгэн хүний хийсэн бүтээлийг тухайн компани худалдаж авдаг тогтолцоо үйлчлээд бараг тав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Инновацийг хөгжүүлэхийн тулд Мэдээлэл, технологийн үндэсний паркаас өнгөрсөн жил “Мондройд 2011” тэмцээнийг зохион байгуулсан билээ. Энэ тэмцээнд түрүүлсэн хүмүүсийн бизнес санаа, технологийг зах зээлд хэрэгжүүлж байгаа юм. Одоо тодорхой хэмжээний ашиг олоод, зардалаа нөхөөд явж байгаа гэх.

“Шинэ санаа гаргаад түүнийгээ зах зээлд нэвтрүүлэх сонирхолтой хүмүүс маш олон байдаг. Гэтэл манайд шинэ санаа, шинэ бүтээлийг зах зээлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн нөхцөл байдаггүй. Ний нуугүй хэлэхэд сар бүр тарааж байгаа 21 мянган төгрөгөөр инновацийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй” гэж Л.Оюунцэцэг ярьж байсан юм.

Бид юу ч ярьж байгаагүй гэж үү?

Бид өмнө нь энэ талаар яриагүй биш ярьж байсан. Гэхдээ амьдрал дээр ажил хэрэг болоогүй л байна. Хамгийн сүүлд газрын харилцааны салбарт инновацийг хэрэглэх талаар ярилцаж байсан ч Монголд инновацийг хөгжүүлэх хэмжээний боловсон хүчин хангалтгүй байсан учраас өнөөг хүртэл хэрэгжээгүй л гэнэ. Хэдийгээр инновацийн технологийг ашиглаж байгаа ч энэ технологийг манайд бүтээгээгүй учраас инновацийг хөгжүүлж байгаа гэхэд арай учир дутагдалтай. Инновацийг Монголд нутагшуулах талаар санаа нь зовнисон хэсэг залуус “Инновацийн төлөөх клуб”-ыг байгуулаад удаагүй байна. Одоохондоо гадны мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байгаа энэ клуб залуу зохион бүтээгчдийн бүтээлийг зах зээлд оруулах талаар гүүр болж ажиллах хэтийн зорилготой ажээ.
 
“Би 12 жилийн өмнө Герман улсад нанотехнологиор тусгай даавууг гаргаж авсан. Түүнийгээ Германы оюуны өмчийн газарт бүртгүүлсний дараа удалгүй  Германы зах зээлд нэвтэрсэн. Германы оюуны өмчийн газар тухайн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд нэвтрүүлэх талаар зуучилж өгдөг юм билээ” гэж ШУТИС-ын доктор Г.Санчир ярьсан юм.

Манай улсад Оюуны өмчийн газар гэх байгууллага байдаг ч инноваци болоод оюуны өмчийн бүтээлийг зөвхөн бүртгэх үүрэг хүлээдэг байгууллага билээ. Одоогоор эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хийсэн дорвитой зүйлс алга. “Мэдлэгт суурилсан эдийн засгийн талаар дээр, дооргүй л ярих болсон. Гэтэл үүнийг амьдрал хэрэгжүүлэх бодит нөхцөл боломж нь одоогоор алга. Жишээлбэл, манай байгууллагын чиг шугам л гэхэд социализмын үеийнх шигээ л байгаа шүү дээ. Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар эрх мэдлийг нь манай байгууллагад олгох хэрэгтэй” гэж Оюуны өмчийн газрын дарга Ц.Энхбат ярьлаа.

Гадна талд юу болж байна вэ?

Мэдлэгт суурилсан эдийн засаг. Энэ нэршил сүүлийн арав гаруй жилийн турш дэлхийн улс гүрнүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог болжээ. Угтаа шинэ бүтээмжийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүгээрээ мөнгө олон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг олох гэж тайлбарлаж байна. Биднээс яг ижилхэн гараанаас эхэлсэн Казахстан, Украйн, Польш зэрэг улсуудын мэдлэгт суурилсан эдийн засгийн үнэлгээ 60 гаруй хувьтай гарсан бол Монгол Улсын индекс 30 гаруй хувьтай гарчээ. Украйн улс гэхэд шинэ бүтээмжийг зах зээлд нэвтрүүлсэн залуу эрдэмтэн бүрт тодорхой хэмжээний урамшуулал олгодог бөгөөд татвараас нь хүртэл чөлөөлдөг аж. Польш улс шинэ санаа, шийдэл бүтээсэн хүнд ажлын байраар хангадаг. Мөн үүнээс нь олсон ашиг бүрээс тухайн хүнд хувийг нь өгч, Инновацийн үндэсний санд төвлөрүүлдэг учиртай.

Уул уурхайн салбараас олох ашгаасаа Чили улс гэхэд л Инновацийн үндэсний санд 10 гаруй хувийг төвлөрүүлж, инновацийн салбарт улсын төсвөөс 40 гаруй хувийг оруулдаг ажээ. Энэ утгаараа Чили улс бүс нутагтаа тэргүүлэх эдийн засагтай орнуудын нэг болжээ.

Энэ мэтчилэн бидэнд асуудал их байгаа. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд манай орон сүүлийн байранд бичигдэж байгаа билээ. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдлэгт суурилсан эдийн засаг болоод инновацийг хөгжүүлж чадаагүй нь хамгийн гол шалтгаан болжээ. Мөн инновацийг хөгжүүлэх талаар тодорхой бодлого боловсруулаагүй байна. Өнөөг хүртэл шүү. Гэхдээ бидэнд боломж бий. Залуус бие, биетэйгээ эвсэн хамтарч инновацийн төлөөх клубыг байгуулаад үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Мөн үндэсний томоохон компаниуд үйлдвэрлэлд хэрэглэж болохуйц шинэ санааг тодорхой хэмжээний мөнгөөр үнэлэж, худалдан авдаг тогтолцоо үйлчлээд удаж байгаа ажээ.

Монгол Улсын хувьд инноваци мөрөөдөл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ бидэнд үндэсний хэмжээний бодлого, боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй гэдгийг сануулъя.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж