-Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Оюутолгой, Тавантолгойн орд гээд Монгол Улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох ордууд энэ нутагт оршдог. Тавантолгойн ордыг ашиглах талаар сүүлийн 50 гаруй жил ярьж байна. Энэ ордыг ашигласнаар Монгол Улсын эдийн засагт хөгжил авчирна, ашиг нэмэгдсэнээр иргэдийн орлого өснө гэж ярьдаг. Гэвч бэлтгэл ажил үндсэндээ хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, ОХУ, Хятадыг холбосон ганц л төмөр замтай байгаа. Тавантолгой руу төмөр зам тавих, цахилгаан станц барих зэрэг дэд бүтцээ байгуулсангүй. Гадаадын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийж, тодорхой хэмжээний нүүрс олборлож байгаа ч мөн л дэд бүтцийн асуудлаа шийдэлгүй өнөөдрийг хүрлээ. Үүнээс үүдээд байгаль орчны асуудал хүндрэлтэй болж байгаа зүйл бий. Таван толгойгоос өнөөдөр дөрвөн ч компани нүүрс олборлож, тээвэрлэж байна. Өнгөрсөн жил хувийн компани зам тавьсныг эс тооцвол ихэнх тээвэр шороон замаар тээвэрлэгдэж байна. Олон салаа зам гаргасан. Түүгээр тоос манарган хүнд даацын машин давхилдсаар газрын хөрс эвдэрч, тоосжилт ихтэй болсон. Тэнд хүн амьдрах, мал бэлчих байтугай хээрийн зэрлэг амьтан дайжихад хүрч байна. Мал аж ахуй эрхлэхэд туйлын хүнд боллоо. Цагаан хадны орчимд маш их хэмжээний нүүрс зөөж буулгадаг. Үүнээс шалтгаалаад нөхцөл байдал хүндрэлтэй болж байна. Одоо Байгаль орчны багц хуулиудыг хэлэлцэж эхэлсэн. Байгаль орчин талаас нь өөр бодлого баримтлахгүй бол хэцүүдэх төлөвтэй байна. Компаниудаас нөхөн сэргээлтийн зардал гэж авдаг. Энэ нь хаанаа ч хүрэхгүй. Нөхөн сэргээлтийг байгалийн унаган төрхийг сэргээх чиглэл рүү ойртуулж хийж ёстой. Гэтэл одоо овоолгыг нь буцааж булах байдлаар нөхөн сэргээлт хийгдэж байна. Үүнийг нь нөхөн сэргээлээ гэж хэлэх ч аргагүй юм. Байгаль орчныг хамгаалах, экологийн ногоон бүсийг бий болгох асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Уул уурхайд ус их хэмжээгээр хэрэглэдэг. Голдуу гүний усыг ашиглаж байна. Энэ нь усан хангамжид сөргөөр нөлөөлж байгаа талаар малчид, иргэд ярьж байна. Усны асуудал дээр бодолтой хандах цаг болжээ. Гүний усыг ашиглах хэр зохимжтой юм бэ гэж Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Асуулга тавиад орхихгүй, гүний усыг ашиглах хугацаа, нөөцийг нарийн тооцож, цаашид ашиглахгүй байх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар уул уурхайгаас тодорхой хэмжээний баялаг ашиглаж байна. Ашиглахын зэрэгцээ нөхөн сэргээлтийг тодорхой төвшинд хийгээд явах ёстой. Харин ашиглаж дууссаны дараа байгалийн унаган төрхөд нь ойртуулж нөхөн сэргээлтийг хийх шаардлагатай гэж бодож байна. Байгаль орчинд үзүүлсэн хор хохирлыг тогтоож нөхөн төлбөр нэхэмжилдэг тогтолцоо чухал.
-Уул уурхайг ашиглахаар байгаль орчинд хохирол учруулах нь мэдээж. Тийм учраас хохирлыг хэрхэн нөлөө багатай байлгах вэ гэдгийг маш нарийн төлөвлөгөөний дагуу ашиглах шаардлагатай юм байна. Төр засгийн хувьд ч маш нарийн стандарт, шаардлага тавих учиртай. Тиймээс судалгаа сайн хийсэн байх хэрэгтэй болно. Судалгаагаа үндэслэн уурхай огт ашиглаж болохгүй нутаг, ашиглаж болох газар гэж ангилан тогтоох шаардлагатай байгаа юм. Хүн амьтны эрүүл мэндэд хамаатай, эко системд нөлөө үзүүлнэ гэж үзвэл тодорхой хэсэг газар нутаг, тэр бүс нутгийг хамгаалж үлдэх нь чухал байна. Энэ хэсэг газар уурхай байгуулж олборлолт явууллаа гэж бодоход ийм арга технологиор, ийм хэмжээнд, ингэж ашиглана гэж тогтоож өгөх нь чухал. Тэгэхгүй бол өнөөдөр дур зоргоороо аашилж байна. Дуртай нь лиценз аваад ашиглалтынх болгоод ухаад эхэлдэг. Ямар ч шаардлага тавьдаггүй. Миний хувьд Олон улсын TNC байгууллагад хүсэлт гаргаж, “Өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх нь” төслөөр томоохон судалгаа хийлгэж байна. Саяхнаас төр засгаас байгаль орчны үнэлгээний асуудал ярьж шаардлага тавьж эхлээд байгаа. Түүнийг нь уул уурхайн компаниудын ихэнх нь биелүүлэхгүй байна. Ялангуяа орон нутгийн Таван толгой ХК. Энэ компани 2005 оноос эхлээд нүүрсийг эрчимтэй экспортлож эхэлсэн. 7 жилийн турш засмал зам барихгүй шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа. Замыг нь хаахаар буцаагаад нээлгүүлчихдэг. Үүнээс болоод шороон замаар нүүрс зөөж байгаль орчинд аймшигтай хохирол үзүүлж байна. Зам барих шаардлага тавьдаг ч өнөөдрийг хүртэл нэг ч км зам бариагүй. Нарийн сухайтын уурхай ч замын шаардлагыг хангаагүй. Ийм байдалтайгаар л ажиллаж байна. Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 33 хувь нь лицензтэй. Лицензтэй компаниуд хайгуул хийж байгаа нэрийдлээр малчин айл өрхүүдийн өвөлждөг, хаварждаг, намарждаг газар өрөмөө зоочихоод мал аж ахуй эрхлэх, малчид амьдрах аргагүй болгож байна. Дээр нь усны асуудал хүндрэлтэй болсон. Гүний ус уурхайд ашиглаж байгаа. Ундны цэвэр усаар нүүрс угаана гэж байж боломгүй зүйл. Мөн Цагаан хад руу нэмж нүүрс тээвэрлэхийг зогсоож, тэнд буулгасан нүүрсийг гаргаж дуусган, дахин нүүрс буулгахгүй хаах асуудлыг ажил болгохоор хөөцөлдөж байна. Энэ бүгдийн төлөө нутгийнхаа иргэдтэй хамтран ажиллаж байгаа. Нэгэнт шаардлага тавиад байхад хүлээж авахгүй байгаа компаниудад байгаль орчинд үзүүлж байгаа хохирлыг тооцоод нэхэмжлэх хэрэгтэй байна. Ямар компани ямар сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж нутгийн иргэдэд, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндэд нь, малчин, мал, амьтдад ямар хохирол учруулсныг тогтоох хэрэгтэй болж байна. Түүнийгнэхэмжлэх хэрэгтэй. Өмнөговьд ийм хүчтэй тэмцэл хийхгүй бол байдал улам даамжрах шинжтэй боллоо. Хуульчийнхаа, энэ нутагт төрж өссөнийхөө хувьд хохирлыг тогтоож уул уурхайн компаниудаас нэхэмжлэх ажлыг эхлүүлээд байгаа. Юуны өмнө Тавантолгойн уурхайгаас хил рүү нүүрс тээвэрлэснээс байгаль орчинд учирсан хохирлыг 50 тэрбум төгрөгөөр тогтоосон байна, үүнийг эхлээд нэхэмжлэнэ. Сумд, иргэд өөрсдөө уул уурхайн компаниудаас хохирлыг нэхэмжилж нөхөн сэргээлтийг хийлгүүлэх ёстой. Уул уурхайн баялгаас ашиг олдог, олохыг санаархаж байгаа хүмүүс төрийн өндөр албанд шигджээ. Байгаль орчны асуудал хэцүүдээд, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, гүний усаар нүүрс угааж, малчдын өвөлжөө, хаваржааг булааж байхад энэ нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд хохирол нэхэмжлэх асуудлыг дэмжих хэрэгтэйг хэлмээр байна.