Хөгжлийн хөтөлбөр баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн хөтөлбөр баталлаа

Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дэх удаагийнх өнгөрөгч даваа гаригт боллоо. Өглөө эхэлсэн хуралдаан “Дундговь аймгийг 2012-2031 онд хөгжүүлэх хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэлэлцэх эсэх дээр  төлөөлөгчид бүтэн цаг маргав. Ийм төлөвлөгөө хэрэгтэй юү, үгүй юү, заавал 2031 он хүртэл байдаг нь ямар учиртай вэ, Урьд өмнөх Засаг дарга нарын үед гарч байсан бодлого төлөвлөгөөнөөс юугаараа ялгаатай вэ, Энэ удаа хэлэлцэхээ хойшлуулая гэлцсэн нь маргааны гол сэдэв байлаа. Ингэсний эцэст олонхийн саналаар уул хөтөлбөрийг хэлэлцэх болж Засаг даргын орлогч С.Сүхбаатарын мэдээллийг сонслоо.

Илтгэгч тус аймгийн хөгжлийн бодлогын  агуулгыг “Дуу хуур, өв соёлоо дээдэлж оюунлаг, бүтээлч иргэдтэй, дэд бүтэц, эдийн засгийн салбарууд цогцоор хөгжсөн, байгальд ээлтэй аймаг байх” хэмээн тодорхойлсон юм. Энэ хүрээндээ мэдээлжсэн нийгмийн хүрээнд орчин үеийн мэдээллийн технологиор дамжуулан иргэдээ шуурхай, бодит, үнэн зөв мэдээллээр хангах,  хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгох, засаглалыг хөгжүүлэх, гадаад харилцааг өргөтгөх талаар тавьж буй зорилтуудыг  дэлгэрүүлэн тайлбарлалаа. Мэдээллээс бараг л амтай болгон асууж  дарга нар боломжийн хүрээнд энэ том төлөвлөгөөгөө хамгаалан батлуулж чадлаа.

“Дундговь аймгийн 2012-2031 оны хүртэлх хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө” ёсоор электрон мэдээллийн зохистой сүлжээ бүхий мэдээлжсэн Дундговь, бүх сум хатуу хучилттай замаар холбогдсон хатуу, зөөлөн дэд бүтэц цогцолсон Дундговь, 1000 айлын орон сууцны хороолол бүхий шинэ Мандалговь, тус бүрд дөчин айлын сууц баригдсан шинэ сумын төв, өнгөт металь, төмрийн хэд хэдэн үйлдвэр баригдаж баяжмалаа экспортолсон, хүрэн нүүрснээсээ шингэн болон хийн түлш гарган хэрэгцээгээ хангасан, хүн ард нь эрүүлжсэн, боловсрол, соёлын түвшин өндөржсөн, ажилтай, орлоготой, мал аж ахуй зарим талаар эрчимжсэн, сүргийн зохистой бүтэц бүхий аймаг болох юм. Дараа нь 2011 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн 70 жилийн ойн “Дундговь-70” сангийн зарцуулалтад хийсэн аудитын дүн, орон нутгийн сонгуулийн тойрог байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Эдгээр асуудлаас ”Дундговь-70” санд төвлөрсөн тэрбум гаруй төгрөгийн зарцуулалтад хийсэн аудитын дүн нэлээн маргаан дагууллаа. Энэ хуралдаан одоогийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлчийнх ч байж мэднэ гэж төлөөлөгчид ярилцаж байлаа. Харин бүх төлөөлөгчийг Монгол улсад Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн медалиар шагнасныг энэ үеэр гардууллаа.          

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж