Орчлон төгсөлтийн баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Орчлон төгсөлтийн баяраа тэмдэглэв

Улсын тэргүүний Орчлон дунд сургууль жил бүр сурагч хүүхдүүдийнхээ сурсан мэдсэн зүйлийг тайлагнан “Эрдмийн баяр” тэмдэглэдэг уламжлалтай билээ.  
Тус сургуулийн 7 дахь удаагийн төгсөлт өнөөдөр болсон бөгөөд 15 сурагч Кембрижийн Олон Улсын Дунд Боловсролын Хөтөлбөрөөр хичээллэж үнэмлэхээ гардан авлаа.  Энэ нь тэдгээр төгсөгчдийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын дунд боловсролыг эзэмшсэнийг гэрчилж буй юм.  
Үндэсний чадварлаг боловсон хүчин, Орчлон сургуулийн менежментийн багийн алсын хараатай бодлогын үр дүнд өөрийн эх орондоо Кембрижийн хөтөлбөрийг анхлан нэвтрүүлсэн нь Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй түүхэн тэмдэглэлт хэрэг хэмээн БСШУЯ-хан өндрөөр үнэллээ.
Орчлон сургууль хичээлээс гадуур хүүхэд хөгжүүлэх олон төрлийн дугуйлан ажиллуулдаг бөгөөд бүх сурагчид хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Эрдмийн баярын энэ өдөр хүүхдүүд өөрийн гараар урласан төрөл бүрийн бүтээл, гадаад болон эх хэл дээрээ бичсэн ном тохимол зэргээр сургуулиа гоён түүнийгээ аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч, багш нартаа бахархан үзүүлж байгаа нь нэн таатай.
      Энэ жил дүүрэг, хот, улсын чанартай Математик, Биологи, Англи хэл, Монгол хэл, Зураг төслийн олимпиадуудаас Орчлонгынхон алт, мөнгө, хүрэл медал нэлээдийг хүртэж амжжээ.
     Түүнчлэн “Одод болохын хүслэн”, “Үнсгэлжин”, “ Ятгын эгшиг” зэрэг урлаг гоо зүйн төрөл бүрийн  уралдаанд сурагчид амжилттай оролцсоноос гадна сагсан бөмбөг, жу-до, усанд сэлэлтийн олон тэмцээнд амжилт үзүүлж улсын аварга болон зэрэгтэй тамирчдыг ч бас төрүүллээ.
       Эцэг эхчүүдийн сэтгэл ханамж, хүүхэд бүрийн хөгжил, баяр хөөр, амжилт бүтээлээр дүүрэн эрдмийн баярын үйл ажиллагаа дараа дараагийн хичээлийн жилийн гэгээлэг зорилтыг өмнөө тавьсаар өндөрлөлөө. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж