Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэн саналаа өгөх аж. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын хувьцааг нэмэгдүүлэх тухай, Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Эрдэнэс МГЛ” компанийн дүрэм батлах, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай, Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах тухай авч хэлэлцэнэ. Мөн Далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, ”Ажиллах хүч харилцан солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийн тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.ДАРЬ