Өнөөх оюутнууд хаачив?

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Өнөөх оюутнууд хаачив?

Эрх ашгаа хамгаалж байна гэж хэвлэлийн хурал хийхдээ зөөврийн компьютерээ ломбарданд тавьж байсан өнөөх эх оронч оюутнууд хаачив. Автобусанд үнэтэй зорчих төдийд хэрүүл хийж, Төрийн ордны хаалганы өмнө дугуй шатааж орилолдож байдаг оюутны холбооныхон хаана байна. 160 мянга гаруй оюутны эрх ашиг хөндөгдөж, Засгийн газарт хулхидуулж байгаагаа мэдэж байна уу, та нар. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж сууна уу. Магадгүй мөнгө олох илүү чухал ажилдаа анхаарлаа туучихаад үл мэдэгч царайлж байгаа юм уу? Та нарын өмнөөс Т.Мэндсайхан гэх хуульч Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн гэдгийг сонссон уу. Түүний Цэцэд өгсөн бичгийнх нь агуулгаас сонирхвол “оюутанд нэмж олгох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаанаас оюутанд олгосон сургалтын төлбөрөө буцаан суутган авахаар болж байгаа нь оюутныг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, мөн төлбөрөө буцаан төлөөд хувьцаагаа эзэмших сонголтод боломж олгоогүй шударга бус шийдвэр болсон. Энэ шийдвэрийн улмаас иргэд нэгэнт баталгаажуулан эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр, тэдний хүсэл зоригоос гадуур шууд алдах, хураалгахад хүрэх нь. Ингэхээр иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх зөрчигдөж байна” гэсэн байна. Мөн цааш нь “оюутан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг бүрэн эзэмших эрхгүй, харин бусад иргэн 1072 ширхэг хувьцаагаа бүрэн авч болохоор байна. Энэ нь иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмших эрхийг ялгамжтай, тэгш бус болгожээ” гээд үргэлжлүүлж. Яаж ч бодсон дээрх тохиолдол үнэн. Хэн ч харсан ойлгомжтой байна. Гэвч энэ заалтыг оюутнууд маань, оюутны эрх ашгийг хамгаалах байгууллага ухаж ойлгохгүй байгаа бололтой, таг чиг. Таг чиг байгааг нь тандвал, өнөөх оюутны байгууллага тун чиг завгүй байгаа гэнэ. Дөрвөн жилд ганц тохиох сонгууль оюутны байгууллагынхны хувьд мөнгөжих боломж аж. Намууд, нэр дэвшигчид тэдэнтэй аль хэдийн тохироо хийж сонгуулийнхаа ажилд дайчилжээ. Нутаг бүрийн оюутны зөвлөл, сургууль бүрийн оюутны холбоод хэдийн тухайн нутгаас нэр дэвших гишүүдийн сонгуулийн бор шувууд болоод аль болох ахиухан будаа идэх гэж дэвж эхэлжээ. Ингээд л хувьсгалын ажил хийх тэдэнд өмнө нь тохиож ч байгаагүй хамгийн том эрх ашгаа бодох ч сөхөө алга. Оюутан байсныхаа төлөө эх орныхоо баялгаас хувь авах боломжоо хязгаарлуулж байгаа нь өрөвдөлтэй биш, үүнийгээ ойлгохгүй байгаа нь өрөвдөлтэй гэх үү дээ. 70 мянган төгрөг төрөөс авч буйдаа бялуураад дуу чинь гарахаа байв уу. “Таван мянгаар жагсаач” гэж уриалан дуудах хүн гарч ирэхгүй байна уу. Ээ дээ оюутнууд гэж иймхэн л юм байсан гэж үү?

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж