Кёрлингийн холбоо ОУ-ын байгууллагад элсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Кёрлингийн холбоо ОУ-ын байгууллагад элсчээ

Щвейцарийн Базель хотноо саяхан болсон Дэлхийн кёрлингийн холбооны их хурлаар Монголын кёрлингийн холбоог тус холбооны 49 дэх албан ёсны гишүүн байгууллагаар элсүүлжээ. Тус хуралд  Монголын кёрлингийн холбооны ерөнхийлөгч С.Нацагдорж оролцсон байна. Тэрээр хурлын үеэр Дэлхийн кёрлингийн холбооны удирдлагуудтай уулзаж, энэ спортыг өөрийн орондоо  хөгжүүлэхэд бүхий л талын туслалцаа дэмжлэг авч, ажиллахаар болжээ. Дэлхийн холбооноос Монголд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл материал нийлүүлэх, заах арга зүйн материал өгөх, мэргэжлийн багш дасгалжуулагчдаа Монголд илгээхээр тохирсон байна.

Монголын Кёрлингийн холбоо 2011 оны хоёрдугаар сарын 21-нд үүсгэн байгуулагдсан, МҮОХ-ны гишүүн байгууллага юм. Тус холбооны удирдах зөвлөлд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нарын 10 орчим хүн ажилладаг ажээ.
 
Монголчуудын эрт дээр үеэс эхлэн тоглож ирсэн мөсний шагайн спорттой тун төстэй кёрлингийн спортыг эх орондоо дэлгэрүүлэх, өвлийн төрлийн багийн спортыг хүүхэд залуучуудын дунд өргөнөөр хөгжүүлж, ирээдүйн өвлийн олимпийн медальтнуудыг одооноос бэлтгэх зорилготойгоор 2013 онд  нийслэл хотын төвд өөрсдийн хөрөнгөөр анхны битүү дээвэртэй кёрлингийн мөсөн талбайг байгуулахаар төлөвлөжээ. Мөн дасгалжуулагч багшийг бэлтгэх, их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн баг байгуулан энэ спортоор хичээллүүлэх,  олон улсын зарим тэмцээн оролцуулах зэргээр ажиллах гэнэ.

МОНГОЛЫН КЁРЛИНГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж