Төрсөн өдрийн мэнд хүргэе, Оскар!

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Оскар!

Одоогоос
84 жилийн тэртээ Академийн шагнал гардуулах анхны ёслолын ажиллагаа
болж байсан түүхтэй. 270 гаруйхан хүний хүрээнд болж, тавхан доллараар
тараагдаж байсан тасалбартай энэхүү наадам өдгөө дэлхийн 39 сая хүнд
хүрч нэр алдараараа дэлхийн томоохон шагнал гардуулах ёслолын хэмжээнд
хүрсэн наадмуудын нэг болжээ. Жил бүрийн хоёр, гуравдугаар сарыг хүмүүс
тэсч ядан хүлээдэг. Учир нь энэ хоёр сарын нэгэнд нь Оскарын шагнал
гардуулах ёслол болдог учраас тэр. АНУ-д Ерөнхийлөгчийн эрх чөлөөний
одонгийн дараа нэр хүндээрээ хоёрдугаарт орох энэ шагнал, дэлхийн киноны
ертөнцийн хоёр дахь том шагнал гардуулах ёслол билээ.

Академийн
анхны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 1929 оны гуравдугаар сарын
16-ны өдөр Холливудад байх Рузвельт зочид буудалд болж байсан түүхтэй.
1927-1928 оны хооронд хийгдсэн кинонуудад нийтдээ 15 ширхэг алтан
баримал өгөхөөр бэлдсэн байжээ. Анхны наадам цөөхөн хүрээлэл дунд
өнгөрсөн бөгөөд чухам хэн, хэн ямар шагнал авсан тухай гурван сарын
дараа л Лос Анжелес таймс сонинд гарч байсан гэдэг. Харин 1930 онд
болсон Академийн хоёр дахь наадмаас эхлэн зохион байгуулалтдаа өөрчлөлт
оруулж сонин, хэвлэлээр өргөн сурталчилдаг болжээ. Мөн Лос Анжелес таймс
сонинтой гэрээ байгуулж ялагчдын нэрийг сонин дээрээ хэвлүүлэхээр
болсон юм. Энэхүү сонинд шагнал хүртэгсдийн нэрийг 1941 он хүртэл бүрэн
эхээр нь хэвлэсэн юм.

Эхний зургаан шагнал гардуулах ёслолын кино
хүлээн авах хугацаа өөр хоорондоо адилгүй байжээ. Тухайлбал, Академийн
хоёр дахь шагнал гардуулах ёслолд кино хүлээн авах хугацааг 1928 оны
наймдугаар сарын 1-1929 оны долдугаар сарын 31 хүртэл хүлээн авч байсан
бол 1935 онд болсон академийн долоо дахь шагналд кинонуудыг 1935 оны
нэгдүгээр сарын 1-арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл хүлээн авч
байжээ.

Академийн наадмын хамгийн анхны шагналыг Эмиль Женнингс
гэх жүжигчин авчээ. Тэрээр “Сүүлчийн баг”, “Гялалзах хүртэлх зам” нэртэй
хоёр кинонд бүтээсэн дүрээрээ академийн наадмын эрэгтэй гол дүрийн
шагналыг хүртсэн анхны жүжигчин болсон юм.

Академийн наадмын алтан баримал

Академийн
наадмын алтан баримал түүхэндээ долоон өөр загвартай байжээ. Анхны
шагнал гардуулах ёслолын үеэр гардуулсан барьмалын ерөнхий загвар
одоогийнхтой төстэй ч сэлэмний хэлбэр, зогссон байдал нь одоогийнхоо үл
ялиг өөр юм. Мөн зургаан төрлийн хүндэтгэлийн шагнал байсан бөгөөд тус
бүрдээ өөр загвартай байжээ. Зургаан төрлийн шагнал нь найруулагч,
жүжигчин, зураглаач, хөгжмийн зохиолч, хүндэтгэлийн, ард нийтийн зэрэг
шагналууд тус бүртээ өөр загвартай байсан гэдэг.

Одоо гардуулж
байгаа алтан барималын загварыг өмнө нь гардуулж байсан загваруудын бүх
шинжийг агуулж Арт Деко стилиэр бүтээж гарт нь сэлэм бариулж, киноны
хальс агуулсан дамран дээр зогсч байгаагаар дүрсэлжээ. Алтан барималын
92,5 хувь нь цэвэр ган бөгөөд 7,5 хувь нь алт байдаг аж. 1983 оноос уг
барималыг R.S.Owens company хийж одоог хүртэл жүжигчдэд өгсөөр байна

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нийт 2809 шагнал 302 жүжигчинд очоод байгаа гэсэн мэдээлэл гарчээ.

Оскарын наадмын нэрний түүх

Зарим
судлаачид “Оскар” хэмээн нэрлэснийг Бетти Девис жүжигчинтэй холбож
үздэг. Түүний нөхрийг Хармон Оскар Нилсон гэдэг байсан бөгөөд Бетти
шагнал авах үедээ нөхөртөө зориулж байна гэж уулга алдаж байжээ.

Бас
нэгэн мэдээлэл байдаг нь 1932 онд алтан барималыг урлаж байх үйл явцтай
академийн ерөнхий нарийн бичгийн дарга Маргарет Херрик танилцаж байх
үеэр тэр “Яг л манай Оскар авгатай төстэй юм” гэж уулга алдаж байсан
ажээ. Үүнээс хойш Оскарын наадам гэж нэрлэх болсон гэж үздэг.

Санал өгөгчид

Академийн
зөвлөлийн нийт гишүүд бүх кинонуудад санал өгдөг ажээ. Анхны Оскарын
наадмын үеэр 300 гаруй гишүүнл санал өгдөг байсан бол 2012 онд 5872
гишүүн санал өгсөн байдаг. Бүтэн зургаан сарын турш нэр дэвшсэн
бүтээлүүдийг нэг бүрчлэн үздэг бөгөөд тус бүрийн тайлбарыг нарийн бичиж
дугтуйнд хийдэг ажээ.

1960 оны Академийн шагнал гардуулах
ёслолын ажиллагааг анх удаа телевизээр дамжуулсан юм. Үүнээс хойш дундаа
хоёр, гурван удаа завсарласны эцэст 1973 оноос хойш дундаа нэг ч
завсарлахгүйгээр шууд дамжуулсан юм. Шууд нэвтрүүлгийг дамжуулах эрхийг
1950 онд NBC телевиз 180 мянган доллараар авч байсан бол 1960-1970 он
хүртэл ABC телевиз нэг сая төгрөгөөр худалдаж авсан юм. Харин 1980-аад
онд NBC телевиз 10 гаруй сая төгрөгөөр худалдан авчээ. Одоо бүх
телевизүүд шууд дамжуулах эрхийн төлөө тэмцдэг бөгөөд шалгуур шаардлагыг
биелүүлэхийн төлөө ажилладаг аж.

Оскар. Энэ наадам кино урлагыг
үүсэн  бий болсон цагаас үзэгч бидэнд барьсан хамгийн том бэлэг билээ.
Дэлхийн бүх уран бүтээлчид Оскарын наадмыг мөрөөдөж, хэзээ нэгэн цагт
гартаа барихыг хүсч, тэмүүлдэг болсон юм. Өнөөдөр Оскарын наадмын төрсөн
өдөр. Энэ бол дэлхийн кино урлагын нэгэн томоохон баярын өдөр билээ.

Оскарын наадмын тухай сонирхолтой баримтууд

Оскарын наадмын түүхэнд 11 төрөлд ялалт байгуулсан ердөө гуравхан кино байдаг. Үүнд:

  • Бен-Хур (1959)
  • Титаник  (1997)
  • Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь (2003)

Оскарын наадмын түүхэнд Бүгд Ивийн тухай (1950), Титаник (1997) гэсэн хоёр кино л 14 номинацид нэр дэвшсэн байдаг.

Нэр дэвшсэн бүх номинацидаа ялалт байгуулсан цорын ганц бүтээл байдаг нь Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь кино юм.

Алдарт
Волт Дисней Оскарын наадамд нэгэн амжилтаар мөнхөрчээ. Тэрээр 26
Оскарын алтан баримал атгаж байсан бөгөөд 22 шагнал, 4 хүндэтгэлийн
шагналай нэгэн билээ.

Харин эмэгтэйчүүдээс хамгийн олон шагналыг
Эдит Хээд авсан байдаг ажээ. Тэрээр хувцасны загвар зохион бүтээгч
бөгөөд найман алтан баримал гартаа атгаж байсан нэгэн билээ.

Шилдэг
найруулагчийн төрөлд хамгийн олон удаа шагнал хүртэж байсан найруулагч
бол Жон Форд юм. 1920-иод онд ид мандан бадралтын үедээ явсан дуугүй
кинонд туслах найруулагчаар гараагаа эхэлж байсан тэрээр “Өөрлөгч”,
“Усан үзмийн уур хилэн”, “Миний ногоохон тосгон”, “Даруухан залуу” зэрэг
дөрвөн киногоор алтан баримал авч байсан нэгэн юм.

Оскарын
наадмын шилдэг эмэгтэй гол дүрын шагналыг дөрвөн удаа хүртэж байсан
цорын ганц жүжигчин байдаг нь Кетрин Хепбурн юм. Театрын жүжигчнээр
гараагаа эхэлсэн тэрээр дуутай кино дөнгөж гарч ирж байх тэр үед
гялалзаж буй од нь байжээ. Тэрээр “Үүрийн гэгээ”, Хэнтэй өдрийн зоог
барих вэ”, “Өвлийн арслан”, “Алтан цөөрөм” кинонд бүтээсэн дүрээрээ
шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг дөрвөнтөө хүртжээ.

Оскарын
наадмын шагналыг гурван удаа хүртсэн дөрвөн жүжигчин байдаг. Жек
Николсон, Ингрид Бергман, Мерил Стрип, Волтер Бренан нар юм.

Оскарын
наадмын гол таван шагнал болох Шилдэг найруулагч, шилдэг кино, шилдэг
гол дүрийн эрэгтэй жүжигчин, гол дүрийн эмэгтэй жүжигчин, шилдэг кино
зохиол гэсэн номинациудад түрүүлсэн гурван кино байдаг. 1934 оны Оскарын
наадамд “Нэг оройн жаргал”, 1975 онд “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг”,
1991 онд “Хурга майлахаа болино” зэрэг кинонууд авч байсан юм. Энэ
гурван кино бүгдээрээ бүх цаг үеийн шилдэг кинонд тооцогддог бөгөөд
Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг киног АНУ-ын конгрессын номын санд
үндэсний шилдэг бүтээл гэсэн төрөлд хадгалж үлдсэн байдаг билээ.

Хоёр
жил дараалж алтан баримал атгасан хоёр эрэгтэй жүжигчин Оскарын наадмын
түүхэнд мөнхрөн үлджээ. Хамгийн анх энэ амжилтыг тогтоож байсан хүн нь
Спесер Треси юм. Тэрээр 1937 онд “Эрэлхэг ахмад”, 1938 онд “Хөвгүүдийн
хороолол” кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байжээ. Хоёр жил дараалж
хүртсэн дараагийн жүжигчин бол Том Хенкс юм. Тэрээр 1993 онд
“Филаделфиа” кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байсан бол 1994 онд
Холливудын ертөнцөд шуугиан дэгдээсэн “Форест Гамп” кинонд бүтээсэн
дүрээрээ дараагийн шагналаа авчээ.

Гол дүрийн эмэгтэй жүжигчний
шагналыг дараалж хүртэж байсан тохиолдол мөн л хоёр удаа байдаг ажээ.
Луис Рейнэр анх удаа хоёр жил дараалж хүртсэн жүжигчнээр тодорсон юм.
1936 онд “Агуу Зигфилд”, 1937 онд “Сайхан дэлхий” кинонд бүтээсэн
дүрээрээ хүртэж байсан бол 1967 онд “Хэнтэй өдрийн зоог барих вэ”, 1968
онд “Өвлийн арслан” кинонд бүтээсэн дүрээрээ энэ шагналыг хүртсэн юм.

Харин
шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг жил дараалж хүртсэн тохиолдол
ердөө ганцхан байдаг аж. Энэ жүжигчин бол Жейсн Робардс юм. Тэрээр 1976
онд “Бүгд ерөнхийлөгч рүү” кинонд бүтээсэн дүрээрээ авсан бол дараа жил
нь “Жулиа” кинонд бүтээсэн дүрээрээ алтан баримал атгажээ.

Нэг
найруулагчийн кино жил дараалж шилдэг киногоор шалгарч байсан тохиолдол
Оскарын наадмын түүхэнд ганцхан удаа тохиолджээ. Девид Шелцникын бүтээл
“Салхинд туугдагсад” кино 1939 онд шилдэг киногоор шалгарч байсан бол
дараа жил нь бас л түүний бүтээл болох “Ребекка” кино шилдэг киногоор
шалгарчээ.

Оскарын наадмын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний
төрөлд ялалт байгуулсан хамгийн залуу жүжигчин бол Татум О’Нил юм.
Тэрээр 1973 онд “Цаасан сар” кинонд бүтээсэн дүрээрээ 10 насандаа энэ
шагналыг хүртжээ.

Оскарын хүндэтгэлийн шагналыг хамгийн залуудаа
хүртсэн жүжигчнээр Шерли Темпл тодорчжээ. Тэрээр 1934 онд 6 настайдаа
энэ шагналыг хүртсэн байна.

Шилдэг туслах дүрийн эрэгтэй
жүжигчний шагнал хүртсэн хамгийн хөгшин жүжигчин бол Кристофер Пламмер
юм. Тэрээр 2011 онд “Эхлэгчид” кинонд бүтээсэн дүрээрээ 82 насандаа энэ
шагналыг авчээ.

Харин шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний
шагналыг хүртсэн хамгийн хөгшин жүжигчин бол Жессика Тенди ажээ. Тэрээр
80 насандаа энэ шагналыг хүртсэн байна.

Оскарын наадмын анхдагчид
  • Оскарын наадмын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн
    анхны Франц жүжигчнээр Симон Сигнорет тодорсон байдаг. Тэрээр 1959 онд
    “Өрөөний хойморт” кинонд бүтээсэн дүрээрээ энэ шагналыг хүртсэн юм.
  • Харин Оскарын наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн
    анхны Франц жүжигчнээр Жиан Дюжардин тодорсон юм. Тэрээр 2011 онд “Уран
    бүтээлч” кинонд бүтээсэн дүрээрээ энэ шагналыг хүртжээ.
  • Оскарын наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн цорын ганц Ази
    найруулагч байдаг нь Ан Ли юм. Тэрээр 2005 онд “Бөгтөр уул” киногоороо
    энэ шагналыг авчээ.
  • Оскарын наадамд 10 төрөлд нэр дэвшсэн анхны хүнээр Бетти Девис
    тодорчээ. Тэрээр 1962 онд “Хонгорхон Жейнигийн жаргал” кинонд бүтээсэн
    дүрээрээ 10 дахиа нэр дэвшсэн юм.
  • Кетрин Биголов бол Оскарын наадмын шилдэг найруулагчийн шагналыг
    хүртсэн одоогоор цорын ганц найруулагч юм. Алдарт найруулагч Жеймс
    Камероны гэргий байсан тэрээр “Түгжээ тайлагч” киногоороо 2008 онд энэ
    шагналыг хүртжээ.
  • Шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн анхны 3D киног хоёр кино эзэмшдэг.
    2009 онд “Аватар”, “Дээшээ” кинонууд нэгэн зэрэг нэр дэвшсэн юм.
  • Шилдэг киноны шагналыг хүртсэн хамгийн анхны уран зөгнөлт кино бол
    “Бөгжний эзэн юм. 2003 онд “Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь” кино
    шилдэг киноны шагналыг хүртжээ.
  • Шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн анхны киногоор “Үзэсгэлэнт охин ба жонон хоёр” тодорсон байна. 1991 онд энэ төрөлд нэр дэвшжээ.
  • Оскарын наадмын шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн анхны бөгөөд цорын
    ганц кино бол “Шөнө дундын ковбой” юм. 1969 онд нэр дэвшсэн энэ кино бүх
    цаг үеийн шилдэг киноны нэгээр нэрлэгдсэн билээ.
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн анхны ойрхи
    дорнод жүжигчнээр Омар Шариф тодорсон юм. Тэрээр 1969 онд “Арабын
    Лоуренс” кинонд бүтээсэн дүрээрээ энэ шагналд нэр дэвшжээ.
  • Нас барсаныхаа дараа шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагнал
    хүртсэн анхын жүжигчин бол Петр Финч юм. Тэрээр 1976 онд “Сүлжээ” кинонд
    бүтээсэн дүрээрээ энэхүү шагналыг хүртжээ. Оскарын наадам эхлэхээс
    хэдхэн хоногийн өмнө тэрээр зүрхний шигдээс өвчний улмаас 60 насандаа
    хорвоог орхисон билээ.
  • Роман Полански бол Оскарын наадмын түүхэнд шилдэг найруулагчийн
    шагналыг хүртсэн анхны найруулагч болсон юм. Тэрээр 2002 онд “Төгөлдөр
    хуурч” киногоороо энэхүү шагналыг хүртжээ.
  • Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн анхын хар
    арьст жүжигчин бол Сидней Пойтер юм. Тэрээр “Лилигийн хамгаалагч”
    кинонд бүтээсэн дүрээрээ 1963 онд эл шагналыг  хүртжээ.
  • Оскарын наадмын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн
    анхны хар арьст жүжигчин бол Холли Берри юм. “Мангасын бөмбөг” кинонд
    бүтээсэн дүрээрээ 2001 онд энэхүү шагналыг гарджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж