Төрийн албан хаагчдыг намын харъяаллаас гаргахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдыг намын харъяаллаас гаргахыг хүслээ

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Иргэний үнэмлэхний талаар авах зарим арга хэмжээ болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хууль нэмэлт оруулах асуудлыг хэлэлцсэн.

Хамгийн түрүүнд “Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн танилцуулснаар бол, одоогоор шинээр иргэний үнэмлэх авах шаардлагатай 64 мянга гаруй иргэн байгаа юм байна. Ингээд энэхүү 64 мянга гаруй иргэнд шинээр иргэний үнэмлэх олгохдоо Сонгуулийн хуульд заасан ёсоор иргэний цахим үнэмлэх олгох нь зүйтэй гэж үзээд байгаа аж. Шинээр иргэний үнэмлэх авах 64 мянга гаруй иргэд нь гээгдүүлсэн, иргэний үнэмлэх авах насанд хүрсэн гэхчлэн янз бүрийн шалтгаантай хүмүүс байгаа аж. Ц.Нямдорж сайд хэлэхдээ,

-Өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж иргэний цахим үнэмлэх хэвлэж байгаатай танилцахад 25 үнэмлэх хэвлээд л гурван гологдол гарч байгаа гэв. Харин иргэдэд лавлагаа гаргаж өгөх, түүгээр нь санал өгүүлэх боломж буй эсэхийг гишүүд асуухад “Сонгуулийн шинэ хуульд заахдаа иргэд зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгнө гээд дурдчихсан байгаа” гэж хэлсэн юм. Ингээд тэрээр хуучин үнэмлэх хэвлэх боломжгүй болсон тул иргэний цахим үнэмлэхээр тэдгээр 64 мянган иргэнийг хангах шаардлагатай болсон тул Засгийн газраас тогтоолын төсөл оруулж ирж байгаагаа хэлсэн. Байнгын хорооны гишүүд санал зөрж байсан ч энэ асуудлын хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн юм. Иргэний шинэ үнэмлэхний тухайд 960 мянган бэлдэц авчрах гэрээтэй ч одоогоор таван удаагийн ачилт хийж, 472 мянга гаруйг хүлээж аваад байгаа гэнэ.

Үүний дараа Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжигдлээ. Ч.Сайханбилэг гишүүний гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай санал хураасан ч унасан юм. Байнгын хорооны дараагийн асуудал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байсан бөгөөд Х.Тэмүүжин гишүүний гаргасан горимын санал ёсоор анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны санал дэмжигдсэн.

Дараагийн асуудал болох Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн анхны хэлэлцүүлэг тодорхой үр дүнд хүрээгүй гэж болно. Байнгын хорооны зарим гишүүд үзэхдээ, өмнө нь хэлэлцээд бэлэн байж байгаа хоёр төслийг дангаар нь хэлэлцээд ирэх есдүгээр сард орон нутгийн сонгууль болоход аль хэдийнэ бэлэн болгочихвол асуудал үүсэхгүй гэж байсан бол өөр саналтай гишүүд мөн байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хэрэв Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бол төрийн албаны ажилтнуудыг намын харьяаллаас бүр гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа гэлээ. Одоо бол түр татгалзаж байгаа, гишүүдийн санаачилсан хуулийн төслийг Орон нутгийн хурлын сонгуулийн хамт хэлэлцэх ёстой” гэсэн юм. Ийнхүү энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг ажлын хэсэг дээр намын бүлгүүд дахин зөвшилцөх нь зүйтэй гэснээр хойшлууллаа.

Байнгын хорооны хурлдаанаар мөн гадаад дахь монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахад аль болох зардал чирэгдэл гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх боломжоор хангах тухай байсан ч мөн л эцсийн шийдлийг гаргаж чадсангүй. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын саналыг авах хүрээнд Гадаад харилцааны яам, СЕХ хамтран журам баталсныг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг шүүмжилсэн. Учир нь энэ журамд санал өгөх гадаадад байгаа иргэд УИХ-ын сонгууль оролцохын тулд бүртгүүлэхдээ Димломат төлөөлөгчийн газар биечлэн очих стой гэж заасан байна. Мөн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэх, саналаа өгөхдөө биечлэн санал өгөх зэргийг тусгасан байгаа аж. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ чирэгдэл учруулалгүйгээр бүртгэхдээ утас болон интернэтээр бүртгээд харин санал өгөхөд нь биечлэн ирж болно шүү дээ. Яагаад заавал чирэгдэл учруулахаар журам баталсныг” СЕХ-ны гишүүдээс тодруулсан. СЕХ-ны дарга Лувсанжав “Үүнийг СЕХ болон Гадаад харилцааны сайдтай хамтран ярилцаж байж гаргасан журам” гэснээс өөр тайлбар хийгээгүй. Харин Ардчилсан намын зүгээс “Гадаад харилцааны сайд Г.Занданшатар дангаараа шийдвэр гаргасан нь МАН-ын байр суурь гэж бодож байна. Иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Энэ журмыг баталсан сайд нь алга байна. Түүнийг байлцуулан энэ асуудлыг ярих хэрэгтэй” гэсэн юм.

Гэвч хоёр намын бүлэг тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас энэ асуудлыг СЕХ, Гадаад харилцааны яам дахин хэлэлцэхээр болсон юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж