Нийслэлчүүд бруцеллёзоор өвчилсөн үү?

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд бруцеллёзоор өвчилсөн үү?

Улаанбаатарчуудын зарим нь бруцеллёзоор өвчилсөн байж магад­гүй нь. Засгийн удирдлагууд малыг хорогдолгүй оныг давлаа гээд байсан худал байжээ. Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймагт нийт төллөх малын 60 гаруй хувь нь буюу багцаалбал 130 мянга орчим мал бруцеллёзны вакцины нөлөөлөөс болж хээл хаясан талаарх мэдээллийг холбогдох малын эмч нар өгч байна. Одоогоор хээл хаясан малын тоог нарийвчлан гаргаагүй байгаа аж. Малчид ч гомдолтойхон, яахаа мэдэхгүй цөхөрч сууна.

Ховд аймагт гэхэд 13 мянга гаруй мал хээл хаясан гэх бүдүүн тоо байна. Баруун аймгуудад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бруцеллёзын вакциныг бүх малд хийжээ. Энэ нь яг мал хээлтдэг цаг юм.

Малын хорогдол урьд өмнө нь байгаагүйгээр буурсан гэж ирээд л мэдэгдэл хийж, гавъяа байгуулснаа гайхуулаад байсан Засгийн газраас асуух асуулт байна. Өнгөрсөн жил хийсэн бруцеллёзын вакцинаас болж хээл хаясныг юу гэх вэ.

Тиймээс л бруцеллёзоор мал өвчилж, малын махаар дамжин хүнд халдварласан ч байж болзошгүй аж. Увс аймагт гэхэд л Бөхмөрөн, Ховд, Өмнөговь зэрэг дөрвөн суманд хэдэн мянгаараа мал хээл хаясан талаар Увс аймгийн Ардчилсан намын дарга дарга Д.Цэндсүрэн хэллээ. Энэ талаар тэд малчидтай нийлэн судалгаа хийж буй аж.

Энэхүү вакциныг гаднаас бус Монголд үйлдвэрлэдэг бөгөөд олон жилийн турш үйлдвэрлэж буй аж. Манай улс олон жилийн турш вакциныг үйлдвэрлэж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэр­гий­лэх тарилгыг өвчин гарсан голом­тот газруудад жил бүр хийсээр иржээ. Харин өнгөрсөн оны тухайд “Бруцеллёзоос сэргийлэх вакцин­жуулалт”-ын ажлыг өргөн хүрээтээгээр эхлүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, бруцеллёзын голомт бус нийт нутгийг хамруулсан гэсэн үг. Үүнээс үүдээс баруун аймгуудад  хэдэн зуун мянгаар тоологдох мал хээл хаяжээ.

Гэхдээ вакцины хугацаа дууссан эсвэл муудсан эсэхээс байж болох талтай. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч Мэргэжлийн хяналтын газрын актаар хаалгаа бариад буй “Биокомбинат”-аас хариулт өгөх хүн олдсонгүй.

Харъяалагддаг байгууллага нь хэтэрхий улс төржиж буй учраас малын эмч нар нэрээ нууцлан байж энэ талаар мэдээлэл өглөө.

Тэдний хэлж байгаагаар ыруцеллёзын вакцин “brucella melitensis Rev 1”, “brucella abortus 19” гэсэн хоёр омог байхаас гадна арьсан дор тарих, нүдэнд дусаах гэсэн хоёр төрөл байдаг гэнэ. Арьсан дор тарих тун нь хонь, яамаанд /brucella melitensis Rev 1/ омгийн вакцины нэг тун нь нэг тэрбум колони үүсгэх нэгж агуулдаг. Харин үхрийн бруцеллёзоос сэргийлэх /brucella abortus 19/ вакцины нэг тун нь арван тэрбум колони үүсгэх нэгж агуулдаг аж. Энгийнчилбэл, арьсанд тарих тун нь нүдэнд дусаахаас хавьгүй хүчтэй гэсэн үг.

Тэгвэл нүдэнд тусаах хонь, ямааны тун нь 1-500 сая колони үүсгэх нэгж агуулдаг.

Харин үхрийн хувьд “brucella abortus 19” вакцины нэг тун нь таван тэрбум колони үүсгэх нэгж агуулдаг.

Аливаа вакцины нэг тунд агуулагдах колони үүсгэх нэгж буюу бактерийн тоог тогтоож өгдөгийн учир нь түүнээс илүү тооны бактери агуулж байвал өвчлөл үүсэх эрсдэлд оруулдаг учраас ингэж хязгаарладаг ажээ. Тэгэхээр арьсан дор тарих тун, нүдэнд дусаах тун өдөр, шөнө шиг ялгаатай гэсэн үг. Зориуд арьсан дор тарьдаг тунг нүдэнд дусаавал тухайн малыг өвчлүүлэх аюултай гэнэ. Гэтэл арьсан дор тарих ёстой тунг нүдэнд дусааж вакцинжуулсан гэнэ.

Нэг онцлог бруцеллёзны вак­циныг олон жил хэрэглэсээр ирэхдээ зөвхөн арьсан дор тарих аргаар олгосоор иржээ.

Баттай мэдээллээр 2011 онд “Биокомбинат” ТӨААТҮГ-т үйлд­вэрлэсэн 13 сая тун “brucella melitensis Rev 1” бруцеллёзын вакцин нь зөвхөн арьсан дор тарих зориулалттай аж. Гэтэл арьсан дор тарих зориулалттай энэхүү вакциныг малын нүдэнд дусааж хэрэглэсэн тухай мэдээлэл байна. Энэхүү арьсан дор тарих тунг нүдэнд дусааснаар вакцинжуулалт бус өвчлөл үүсгэж, малыг хээл хаяхад хүргэжээ. Одоогоор мал хээл хаясан гэх мэдээлэл байгаа ч хээл хаясан малын дийлэнх нь бруцеллёзоор өвчилсөн байх магадлалтай аж. Хамгийн хачирхалтай нь уг вакциныг хэрэглэх зааварт “Мал амьтдыг хээлтэй байх үед вакцинжуулбал хээл хаях магад­­лалтай буюу эрсдэлтэй” гээд заа­чихсан байтал вакцинжуулж, вакцин­жуулахдаа буруу аргаар хий­чихэж. Эх сурвалжийн хэлснээр “Эдгээр вакциныг арьсан дор тарих зориулалттайг нүдэнд дусаах байд­лаар олгосон, 2011 оны намар мал, амьтдын хээлтүүлгийн үеэр болон хээлтэй үед нь вакцинжуулсан зэрэг нь ноцтой алдаа болж, үүний ул­маас хэдэн мянгаар тоологдох мал хээл хаяжээ гэж үзэх үндэслэлтэй” юм.

Гэтэл Засгийн газар,  ХХААХҮЯ эсвэл Мал эмнэлэг үржлийн газар, “Швейцарийн хөгжлийн хөтөл­­бөрийн мал аж ахуйн зах зээл” төсөл зэрэг холбогдох газ­руу­даас боловсруулж гаргасан хөтөлбөргүйгээр “Бруцеллёзоос сэр­гий­лэх вакцинжуулалт”-ыг эхлүүл­сэн юм байна. Ингээд үзвэл мал хээл хаясан шалтгаан нь цэвэр мэргэж­лийн байгууллагуудын буруу­тай үйл ажиллагаанаас болжээ.

Нөхцөл байдал хэцүүхэн бол­чихоод байхад салбарын удирдлагууд улс төрийн зорилгоор бодит байдлыг нуун дарагдуулж, ташаа мэдээлэл өгсөөр байна.  Тухайлбал, Хүнс хөдөө, аж ахуйн дэд сайд Сауле, тус яамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Ганхуяг нар “Суурь өвчтэй малд вакцин тарьчихсан. Хүйтнээс шалтгаалсан байна” гэж хэвлэлээр ярьсныг мэргэжлийн хүмүүс эрс үгүйсгэж байна. Мэргэжлийн гэлтгүй энгийн хүнд ч төвөггүй, ойлгомжтой асуудал юм.

Тэдний хэлээд байгаачилан суурь өвчтэй байсныг нь яаж шинжилж илрүүлсэн юм бэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирнэ. Мал эмнэлгийнхэн ийм шинжилгээ, судалгаа хийгээгүй гэж үгүйсгэлээ.

Өөрөөр, ямар нэгэн шин­жил­гээ­гээг вакцинжуулалтын өмнө хий­гээгүй биз дээ? гэх асуулт эндээс урган гарч байна. Хариулт нь “үгүй”.

Цаашлаад салбарын удирд­ла­гуу­дын мэдэгдлийг Монголд хүйтэр­дэггүй байсан уу? Яагаад дулаан байхад хийгээгүй юм бэ? гэхчлэн энгийн асуултаар няцааж болно. Төгсгөлд нь хэлэхэд, бруцеллёзын вакцины улмаас мал хээл хаясан шалтгааныг яаралтай тогтоохгүй бол үүнээс ч илүү уршиг тарьж мэдэх нь. Хэрэв бруцеллёзын вакцины улмаас мал хээл хаясан нь тогтоогдвол хорирлыг нь барагдуулах хэрэгтэй болно. Вакциныг буруу хэрэглэснээс мал нь бруцеллёзоор өвчилсөн бол сүү, махаар нь дамжуулаад малчид, иргэд бруцеллёзын халдвар авсан байж таарна. Нийслэлчүүдийн мах­ны хэрэгцээний дийлэнхийг нь баруун аймгаас хангадаг болохоор бас л бруцеллёзоор өвчилсөн байх магадлалтай. Шинжилгээ хийлгэхэд гэмгүй. Тиймээс бруцеллёзын халд­вар тарсан эсэхийг нарийвчлан шинжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй болжээ. Харин холбогдох албаны хүмүүс хариуцлагаас мултрах гэсэндээ энэ мэдээллийг нууцалсан хэвээр байна. 130 мянга гаруй мал хээл хаячихаад байхад шүү.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж