
АНУ-д гэхэд дипломат төлөөлөгчийн газар Вашингтон болоод Сан-Францискод бий. Гэтэл Чикаго, Дэнвэр, Лос-Анжелес, Сиэттл хотуудад нэлээдгүй Монгол иргэд бий гэдэг. Жишээ нь Чикагод байдаг 6000 монголчууд Вашигтон руу хоёр удаа 500 гаруй доллар төлж, гурван цаг явах болоод буй аж. Мөн Турк улсад гэхэд Монголын Элчин сайдын яам Анкара хотод байрладаг. Гэтэл Анкарагаас 500 гаруй километрийн зайд байрлах Истанбул хотод иргэдийн нэлээд хэсэг нь амьдарч, сурч байх жишээтэй аж. Энэ мэт дипломат төлөөлөгчийн газраас алслагдсан иргэдийн зовлон Европ дахь монголчуудад ч бий болоод байгаа аж.
Н.Алтанхуяг: Хуулинд биеэр ирнэ гэж хэлээгүй шүү дээ. Энэ асуудал уг нь ойлгомжтой. Зүгээр л засчих зүйл. Тэртэй тэргүй сонгууль өгөхдөө зардал, цаг гаргаж байж очих нь тодорхой. Гэтэл хэд хоногийн өмнө нь бас гурван цаг гаруй нисч очоод “Би сонгуульд оролцоно” гэж хэлчихээд буцаад нисэх үү.
Н.Энхтүвшин: Нэгэнт баталчихсан журмыг дахин дахин өөрчлөөд байх хэрэггүй. Хэрхэн зохион байгуулах эрхийг нь Гадаад харилцааны сайд, СЕХ-нд өгчихсөн. Одоо монголдоо амьдарч буй иргэдийн хувьд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдая гэхэд хаягийн шилжүүлэлт хийхийг зогсоосноос болж сонгууль өгөх боломжгүй болчихоод байна. Гэтэл гадаадад амьдарч байгаа монгол иргэдийг утас, факс зэргийг ашиглан шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж болно” гэж өөрчлөх нь хуулиа зөрчсөн хэрэг болно. Тиймээс дээрх журмыг өөрчлөх шаардлага байхгүй”
З.Энхболд: Гадаадад буй, улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдчихсан л байхад сонгуулийн санал авах өдрөө ирээд л саналаа өгчихөж яагаад болдоггүй юм. Гадаадад байгаа хүмүүст илүү шаардлага тавьж ялгаварлаж буйгаа МАН тайлбарлах ёстой.
Г.Баярсайхан: Монголд байгаа иргэд нэг удаад л очиж саналаа өгч байхад гадаадад буй иргэд яахаараа хоёр дахин явах ёстой юм. Аль болох санал өгүүлэх гээд байгаа юм уу.
Ц.Мөнх-Очир: Иргэний үүрэг гэж бий. Сонгууль өгөх нь өөрийнх нь асуудал. 70 паунд төлөөд л очоод саналаа өгнө биз дээ. Хоёр удаа явах шаардлагатай бол хоёр л явна биз. Тухайн өдөртөө очиж чадахгүй бол саналаа өгөхгүй л байна биз.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав: Энэ асуудлаар ажлын хэсэг нэлээд хэдэн удаа ярилцсан. Ингээд биечлэн очиж бүртгүүлэх нь зөв юм гэдэг дээр санал нэгдээд баталсан. Цаг хугацааны хувьд л хүндрэлтэй байгаа болохоос биш асуудлыг эргэн ярихгүй гэсэн зүйл байхгүй.
Ч.Сайханбилэг: Баянзүрх дүүргийн хоёр хорооны хооронд ирж очих тухай яриагүй шүү дээ. Тэнд ажиллаж амьдарч буй иргэд сонгуульдаа оролцоход бэлэн байхад бид энд журам гаргаж хоёр удаа ирж очуулж хувийнх нь төсвөөс илүү мөнгө гаргах ямар шаардлага байсан юм бэ.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн: Гадаадад байгаа иргэд олон дахин ирж санал өгөх нь мэдээж хүндрэлтэй. Үүнийг журам баталсан сайдтай СЕХ-ныхон ярьж байж л өөрчлөх эсэхээ шийднэ.
