Яг өнөөдрийн байдлаар бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хоёр хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлэгт орох ээлжээ хүлээн зогсч байгаа. Уг нь энэ хуулийн төслийг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьсан боловч өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Гэхдээ одоог хүртэл УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлэх босгоо гэтэлж амжаагүй л байгаа. Дээрх цухас дурдсанаар Монголд хэвлэлийн эрх чөлөө дутагдаагүй, харин ч хэтийдсэн гэдэг ойлголтоор бол аль хэдийнэ хууль, журмыг нь гаргачихсан баймаар, өөрөөр хэлбэл, хязгаарлах, хариуцлага тооцох, журамлах хатуу хуулийг. Харьцангуй ардчилалтай гэх Монгол Улсын хувьд 1992 онд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхаглаж, 1997 онд төрийн мэдлийн хэвлэлийг хязгаарлах, суурь утгаараа хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хууль гаргасан. Төдийгөөс өдий хүртэл дахин нарийвчилсан хууль гаргаагүй гэхээр чамлалттай санагдахаар ч байж болох юм.
Хууль гэдэг нийгмийн зүй зохист харилцаагаар зохицуулагдаж болохгүй байгаа зүйлийг төрийг нэрийн өмнөөс зохицуулахаас өөр аргагүй болоход гаргадаг эрх зүйн баримт бичиг гэдэг утгаар нь авч үзэх юм бол Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинэ хууль аргагүй шаардлагатай ч байж болох. Гэхдээ Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн ямар төслийг ямар байдлаар хэлэлцэн шийдэх гэж байгаа вэ гэдгийг онцгой анхаарах ёстой нь зүй. Салбарын онцлог гэдгээрээ хэвлэл мэдээлэлтэй холбоотой аливаа асуудал олон нийтийн анхааралд харьцангуй их хүрч чаддаг гэдэг утгаараа биш хэвлэл мэдээллийг хүртэх эрх иргэн хүн болгоны асуудал гэдэг утгаараа. Тэр ч утгаараа удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хоёр хуулийн төслийг харьцуулан үзье.
Хоёр хууль хоёулаа хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх зорилготой, ийм үгсээр ч дүүрэн ч үгний ард үг гэдэгчлэн харахад төстэй мэт ч ухахад утга ондоо олон заалт хоёр төсөлд зөндөө байна. Тухайлбал, өнөөдөр ч маргааны бай болдог мэдээллийн эх сурвалжийг нууцлах тухай заалтуудад үзэл санаа нь нэг мэт боловч зарчмын өөр ойлголтыг эрх, үүрэг гэх хоёр үгний зөрүүгээр илэрхийлжээ. Засгийн газрын өргөн барьсан төсөлд сэтгүүлч, сурвалжлагч хуульд тусгайлан заасан гурван тохиолдлоос бусдад эх сурвалжаа илчлэхгүй байх эрхтэй гэж заажээ. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд бол эх сурвалжаа бас л гурван тохиолдлоос бусад тохиолдолд илчлэхгүй байх үүрэгтэй гэсэн байдлаар томьёолсон байх. Зарим хүмүүсийн хувьд эрх үүрэг гэдэг салшгүй ойлголт мэт боловч хуулийн заалтаар бол тэс ондоо агуулгыг илэрхийлдэг. Хуулиар үүрэг хүлээсэн бол түүнийг заавал биелүүлэх ёстой, эрхтэй гэсэн бол зайлшгүй тохиолдолд л эрхээ эдлэх дархлааг хуульчилж байна гэсэн үг. Эх сурвалжаа нууцлах эрхтэй байх уу эсвэл үүрэгтэй байх уу гэсэн асуулт хэвлэлийнхний хувьд ч мэдээлэл хүртэх эрхтэй нийт иргэдийн хувь ч онцгой чухал. Эх сурвалжаа нууцлах үүрэг хүлээсэн сэтгүүлч, шаардлагатай тохиолдолд л эх сурвалжаа хэлэхгүй байх эрхийг л хуульд заасан тохиолдолд өмгөөлөл болон хүлээж болох сэтгүүлч хоёрын ялгааг та анзаарч сайн бодно биз. Мэдээж хэрэг хувь хүн албан байгууллага төрийн нууцыг хөндсөнөөс бусад тохиолдолд шүү дээ.
Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн бас нэг чухал зүйл нь Хэвлэл мэдээллийн зөвлөл гээчийг байгуулах тухай. Сэтгүүлчид буруу зөрүүтэй мэдээлэл гаргах, хариуцлага алдах зэргээс үүдэн мэргэжлийн ёс зүйн хороо, консул байгуулах тухай асуудал урган гарсан. Үүнийг Засгийн газраас өргөн барьсан төслөөр бол Хэвлэл мэдээллийн хуулийн зөвлөл гээчийг байгуулахаар томьёолжээ. Энэхүү зөвлөлийн талаар хоёр зүйл нийт 14 заалтаар нарийвчлан тусгасныг харахад таатай ч бас л нэг таагүй бүтэц бий болгох гэсэн үү гэх хардлага төрмөөр. Хэвлэлийг хянаж байх уг зөвлөлд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, үүсгэн байгуулагчийн төлөөлсөн гурав, сэтгүүлчдийг төлөөлсөн тав, иргэдийг төлдөөлсөн гурван гишүүн байх ёстой гэнэ. Тооны харьцаагаар тун давгүй төлөөлөл мэт боловч яг гишүүд нэр дэвшүүлэн сонгох дээрээ тулахаар яаж “заваартдаг”-ийг та бид Монголын үндэсний радио телевизийн Үндэсний зөвлөлийг байгуулсан туршлагаас сайн мэднэ. Яг түүнтэй л адилхан жүжиг өрнөхөөр хуулийн төсөлд тусгагдаж. Хамгийн сонирхолтой нь энэхүү зөвлөлийн гишүүдийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгоно гэнэ ээ. Энд зөвлөлийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална гэж үгчлэн заагаагүй ч гэсэн санал болгоно гэсэн нь бас нэг утгийг илэрхийлж байгаа биз. Хамгийн сонирхолтой нь яг энэхүү заалт нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд бус Засгийн газраас санал болгосон хувилбарт заагдсан байгаа юм. Хэрэвзээ УИХ-ын чуулганаар Засгийн газрын санал болгосон төсөл батлагдаж гэмээнэ өнөөгийн Ерөнхийлөгч бүхий л хэвлэлийн алдаа оноог харж харгалзаж байх Хэвлэлийн зөвлөлийг гартаа атгах этгээд болж байгаа биз. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд зөвлөлийг нийт сэтгүүлчдийн хурлаар /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал болов уу/ сонгон гэсэн байх юм.
Харин бас л маргааны бай болдог хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, үүсгэн байгуулагчдын тухай Засгийн газрын хувилбарт,
-Хэвлэл мэдээллийн байгууллаг өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигийн нэр, албан тушаал, эрхэлж байгаа ажил, хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгийн хувь, хэмжээний талаарх мэдээллийг жил бүр, өөрчлөлт оруулсан тохиолдол бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээл үүрэгтэй гэсэн бол,
Ерөнхийлөгчийн төсөлд,
-Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн эрхлэгч нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах талаар гэрээ байгуулж, байгууллагын ёс зүйн дүрэм, дотоод журамдаа тусгах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Энэ мэтчилэн хоёр хуулийн төсөлд зөрөөтэй, авах гээхийн шүүлтүүр шаардахаар олон ойлголтууд байна. Мэдээж хэрэг ямарваа нэг хуулийн төслийг батлахын өмнө авах гээхийн шүүлтүүрийг хийх нь чухал. Тийм ч учраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн талаар өмнө нь чамгүй олон хэлэлцүүлэг хийсэн. Өнөөдөр ч Хэвлэлийн хүрээлэнд хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Салбарынхны хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжлэлт болоод одоо УИХ-д өргөн бариад байгаа хоёр төслийн дэвшилттэй бүхнийг нэгтгэсэн чамбай хууль гарах болтугай.