Барилгын салбарынхан хөдөлгөөнд орж эхэлжээ. Энд тэндгүй ухсан нүх, тас няс хийх чимээ, гагнуурын дуу, хөрөө рам гээд чих дөжрөм нөр их ажил Улаанбаатарт өрнөж байна. Дутуу орхигдсон барилгууд амь орж, барилгын ажил эрчимжиж байгаа нь ч барилгын материалын үнэд нөлөөлчихөж. Жил жилийн өдийд барилгын материалын үнэ тодорхой хэмжээгээр өсдөг нь үнэн. Энэ жилийн хувьд барилгын материалын үнэ эрс өссөнийг худалдагчид “хятадууд үнээ нэмсэн” гэдгээ тайлбарлаж байна лээ. Урд хөршийн наймаачид “100 мянган айлын орон сууц”, жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар барилгын материалынхаа үнийг өсгөсөн гэнэ. Дээрээс нь юанийн ханш өнгөрсөн жилээс өссөн нь ч барилгын материалын үнэд нөлөөлснийг ч ченжүүд дурдав.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн сургаар барилгын салбарт үнийн хөөс үүссэн. Барилга угсралтын болоод барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч компаниуд үнээ өсгөж, бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох Засгийн газрын төлөвлөгөө хэрэгжихэд саад учруулж буй. Орон сууцны үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж буйг барилгын салбарынхан ярьдаг. Орон сууцны үнэ өсөхөд нэгдүгээрт, эрэлт нийлүүлэлт, хоёрдугаарт, барилгын материалын үнийн өсөлт нөлөөсөн гэдэг.
Гэхдээ барилгын материалын үнэ бүгдээрээ өссөн гэвэл түүн шиг худлаа мэдээлэл байхгүй биз. Барилгын материалын зах дээр зарж буй бараа бүтээгдэхүүний үнийг ажиглахад зарим нэр төрлийн материалын үнэ өсч, харин зарим нь цөөнгүй төгрөгөөр буурсан байна лээ.
Ноднин өдийд нэг ширхэг тоосго 150 төгрөг байсан бол энэ жил 300 төгрөг болтлоо өсч. Монгол тоосгоны үнэ бүр 650 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл нэг уут цемент өнгөрсөн жил 12 мянган төгрөг байсан бол өдгөө 8000 төгрөг болтлоо хямдарчээ. Барилгын материалын үнэ ийнхүү харилцан адилгүй байгаа шалтгаан нь зах зээлийн эрэлт нийлүүлэлт гэдгийг ч худалдагчид ярив. Ялангуяа тоосгоны үнэ нэмэгдсэн нь тоосго үйлдвэрлэдэг зарим жижиг компаниуд хаалгаа барьсан, дотоодод үйлдвэрлэж буй адилхан материалын гаалийн татварыг 20 хувь болтол нэмсэнээс болсон гэнэ. Цаашлаад элс, хайрганы үнэ нэмэгдсэн ч тоосгоны үнэ өсөхөд нөлөөлсөн бололтой. Учир нь элс хайрганы карьерын ихэнхийг хаачихсанаас болоод тоосгоны үнэ өсөөд байгаа аж. Монгол Улс өнөөдөр улс хайрга чулуу, цемент шохой, блоктоосгоноос эхлээд сэндвич хавтан, хөөсөнцөр, банз дүнз гээд барилгын зарим материалыг дотооддоо үйлдвэрлэдэг боловч зах зээлийнхэээ эрэлтийг хангаж чадахгүй байгаа нь үнэн. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, “Бэрэн” групп, “Ган хийц” компани зэрэг үндэсний үйлдвэрлэпнид барилгын төмөр хийц, арматурыг үйлдвэрлэдэг ч түүхий эдээ Хятадаас авдаг болохоор үнэд тодорхой хэмжээгээр нөлөөдөг бололтой. Хэрвээ өөрсдөө түүхий эдээ дотоодоосоо хангаж чаддаг бол барилгын материалын үнийг өсгөхгүй барих боломжтой гэдгийг ч үйлдвэрлэгчид ярьдаг. Түүнчлэн барилгын материалын үнэ өсөхөд дэд бүтэц тээвэрлэлтийн байдал ч нөлөөлдөг гэнэ. Барилгын ажил эрчимжихээр Замын-Үүдийн хил гаалиар сардаа 250-300 мянган тонн барилгын материал орж ирдэг аж. Ачаалал нь нэмэгдсэн үед Зам-Үүдэд барилгын материалын бөөгнөрөл үүсдэг, түүнээс болоод үнэ өсдгийг барилгын салбарынхан олон жилийн турш ярьсан ч өдгөө өнөө л хэвээрээ байгаа юм.
Элс /нэг том машин/ 290-300 мянга
Өнгөлгөөний блок ширхэг 650 төгрөг
Явган хүний замыгхавтан ширхэг 15 мянган төгрөг
Палк /15×15 хэмжээтэй/ 25 мянга
Брус /боодолдоо 9 ширхэг, 3 метрийн урт/18 мянган төгрөг
Банз /2.20 метр урт, 20 см өргөнтэй/ ширхэг 2800 төгрөг
Шилэн хөвөн /18 метр нэг боодол/ 20 мянган төгрөг
Шилэн хөвөн /24 метр урттай/ 28 мянган төгрөг
Вакум цонх: ам.мөтр нь 65-70 мянган төгрөг
Модон цонх, хаалга: ам.метр нь 45 мянган төгрөг
Будаглитр нь 1700-7500 төгрөг
Өнгөт төмөр дээвэр: ам.метр нь 7800 төгрөг
Блок ширхэг нь 700-1000 төгрөг
Обой нэг боодол /орос/10000-12000 төгрөг
Обой /хятад/ 3000-6000 төгрөг
Бүргэд хаалга: 250-400 мянга
Плита /30×30 хэмжээтэй
Капитал банк зээл олгоогүй
“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн түрүүч зээлийн батламжаа гардан авсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татсанаас хойш нэг сар өнгөрлөө. Батламжаа авсан иргэд зээлдээ хамрагдсан эсэхийг Зам тээвэр барилга, хотбайгуулалтын яамны мэргэжилтнээс тодруулахад “Орон сууцны санхүүжилтийн корпорацид 1080 иргэн хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүнээс 758 иргэн Төрийн банкаар, 322 нь Капитал банкаар зээлийн судалгаа хийлгэхээр сонгосон байна. Өнөөдрийн байдлаар 72 иргэнд зээл олгохоор Төрийн банк шийдвэрлэсэн” гэв. Гэхдээ санхүүжилт нь Төрийн банзид орж ирээгүй байгаа юм байна. Хөгжлийн банкнаас чадвал энэ долоо хоногт 50 тэрбум төгрөгийг Төрийн банкны дансанд хийх гэнэ. Тэгвэл дээрх 72 иргэн зээлээ авах бүрэн боломжтой болох ажээ. Төрийн банкны зүгээс зээл авахыг хүссэн иргэнээс барьцаа хөрөнгө шаардах болно гэдгээ мэдэгдсэн. Нэг өрөө байр авсан тохиолдолд нэг өрөө байр барьцаанд тавих шаардлагыг анхлан тавьж байсан нь багагүй хэл аманд өртсөн бий. Тиймээс энэ шаардлагаа өөрчилж, 100 хувь ашиглалтад орсон орон сууц худалдаж авсан тохиолдолд Төрийн банк жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох болсноо зарлаад байгаа юм. Гэтэл өнөөдрийн байдлаар 100 хувь ашиглалтад орсон барилгы ховорхон бөгөөд байгаа нэг нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаагүй гэнэ. Энэ нь жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр байртай болох гэсэн бага, дунд орлоготой иргэдэд хүндрэл учруулж байгаа бололтой. Харин Капитал банк нэг ч хүнд зээл олгоогүй байгаа юм байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны м/кв-ийн үнийг нэг сая 193 мянган төгрөг байна гээд Засгийн газраас зарласан. Харин тун удахгүй зохиогдох “Барилга орон сууц-2012” үзэсгэлэнгийн үеэр барилгынхан орон сууцныхаа жишиг үнийг өөрсдөө зарлах гэнэ лээ. Байрны жишиг үнийг зарлаад барилгын материалын үнэ буурахгүй бол бага, дунд орлоготой иргэд байртай болно гэдэг худлаа болж магадгүй нь.
Одоо мартагдах шахаж буй орон сууцжуулах хөтөлбөр сонгуулийн дараа таг чиг болчихлоо гэхэд гайхах хэрэггүй биз ээ.