Улстөрчдийн үнэлэмжийг өөрчилье

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн үнэлэмжийг өөрчилье

УИХ-ын ээлжит сонгуульд оролцож өрсөлдөх улс төрийн намууд батламжаа гардаж аваад хоёр хонож байна. Сонгуульд оролцох нь баталгаатай болсон юм чинь одоо нэр дэвшигчдаа тодруулах ёстой. УИХ-ын сонгуулийн хуульд зааснаар улс төрийн намууд нэр дэвшигчдээ энэ сарын 19-нөөс 25-ны дотор тодруулж дуусгах ёстой. Ингэхээр сонгогчдын хувьд удтал хүлээсэн “Хэний хэн бэ?” гэдэг асуултын хариу удахгүй тодорхой болох нь. “Галын шугам”-анд хэн түрүүлж гарахыг харахад гуравхан хоног үлдлээ.

Үүний тулд сонгуульд оролцохоор батламжаа авсан нам, эвслүүд удирдах байгууллагаа хуралдуулж, нэр дэвшүүлэлтээ хийх ёстой. Ардчилсан намын хувьд Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-гоо, МАН Бага хурлаа хуралдуулдаг ч юм уу, бусад намын хувьд бол тэр бүр хуралдаад байдаггүй болохоор юу гэж нэрлэгддэгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ ҮЗХ болон Бага хурлын өмнө мэдээж Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, МАН-ын Удирдах зөвлөл тус бүр хуралдаж, урьдчилсан байдлаар фракциудынхаа төлөөлөл, нэр дэвшүүлэлтэд өгөх квот энэ тэрээ ярих байх л даа. Тэгээд л дараа нь тойроггүй үлдсэн хэсэг буюу гомдогсод нь ҮЗХ, Бага хурлын хуралдаанууд дээр заалнаас нэр дэвшээд, дэвшүүлээд, бие биеийнхээ “нармайг нээлцэх” байдлаар цаашаа явна даа. Угаасаа сонгууль болгоноор л намууд ийм байдалд ордог юм чинь. Тэгээд хамрынхаа цусыг шударч, шороогоо гөвөнгөө “Бид ёстой сайхан эвтэй хуралдлаа” гэх бол энүүхэнд.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд ямархуу шалгуураар сонгогддогийг мэдэхгүй юм. Ихэнхдээ тухайн үеийн намын удирдлагын санал болгосон нөхдийг Бага хурал нь батламжилж өгдөг юм шиг байна лээ. Тэгэхээр тэд нэр дэвшүүлэлтийг ямархуу шалгуураар эхэлж гаргах вэ гэдэг нь бараг тодорхой. Хэрвээ тиймгүй байсан бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат эд нар намдаа үлдээд, ядахдаа л тойргоо авахын төлөө эцсээ хүртэл нанчилдах шүү дээ. Намынхаа удирдлагатай үг сөрсний улмаас л нутаг заагдан МАХН-ын хаяаг бараадаж байгаа юм. Харин замын дундаас урваж, дарга нартайгаа наймаалцсан Б.Бат-Эрдэнэ, Р.Раш, Д.Балдан-Очир эд нар бол найдвартай нэг тойрогт очино л доо, харж л байгаарай.

Харин Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх зөвлөлдөө намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон 21 аймаг, нийслэлийн намын дарга нарыг оруулдаг. Тэгэхээр эрх мэдлийн хувьд нэлээд таруу гэсэн үг. Нөхдүүд хамгийн түрүүнд намын хорооныхоо шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-нд танилцуулах гэж үзнэ. Өөдөөс нь намын удирдлагууд нь фракциудынхаа дотоодод хийсэн тохироог тулгана. Ингээд л гал авалцана даа. Гэхдээ Ардчилсан нам болон Ардын намын дотоодод хэрхэн гал авалцах нь сонгогчдод сонин биш. Харин тэдний бидэнд санал болгож буй нэр дэвшигчдийн чанар чансаа сонирхолтой билээ. Тиймээс л нэр дэвшигчдийн жагсаалтыг удтал хүлээсэн “мөч” ирсэн хэрэг. Тэгээд ч улс төрийн намууд нэр дэвшигчиддээ ямар шалгуур тавьж байгаад чих тавьж байна.      

Улс төрийн хоёр том намын тухайд юуны өмнө одоо УИХ-д сууж байгаа гишүүдээ 100 хувь нэр дэвшүүлнэ гэдэг нь тодорхой болсон. Нөгөөдүүл нь ч “Сонгуульд ялалт байгуулаад намдаа суудал аваад ирсэн намайг хэн яах юм бэ. Нам нэр дэвшүүлдэггүй юм бол бие даагаад гараад ирэх юм чинь” хэмээн намын дарга нартаа “овойж” байгаа. Нэг удаа намдаа суудал авчрах нь ч авчирсан л юм байж. Харин УИХ-д дөрвөн жил суухдаа юу хийж бүтээсэн бэ, ямар шинэ өөрчлөлтийг авчирсан бэ, улс орны хөгжил, нийгмийн сайн сайхан, иргэдийнхээ эрх ашгийн төлөө юу хийж, тэр нь ямар үр дүнд хүрэв гэдгийг цэгнэх бас өөр хэрэг. Үүнд бол харин эрх биш сонгогчид өөрсдөө дүн тавина. Тиймээс сонгогчдоос өгч буй дүгнэлтийг урьдчилан харж, нэр дэвшигчдийнхээ өмнө тавих шалгуурыг өндөрсгөх нь улс төрийн намуудыг “ниргэсэн хойно хашгирах”-аас аврах ганц зам болж байна. Өмнөх сонгуулиуд шиг ялагдсан хойноо унасан бөхийн шалтаг тоочиж суухгүйн тулд шүү дээ.

Учир нь өнгөрсөн дөрвөн жил Монголын улс төрд өрнөсөн үйл явц, долдугаар сарын 1, хамтарсан Засгийн газар, ядуурал, ажилгүйдлээс үүдсэн нийгмийн бухимдал, баялгийн тэгш бус хуваарилалт хийгээд сүүлийн 10 жил Монголын төрийн гай гамшиг болоод байгаа төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ-ын гишүүдийг тойрсон авлига хээл хахуулийн хэрэг гэх мэт нь улстөрчдөд итгэх итгэл, улс төрийн намуудын рейтингийг сонгуулиас сонгуулийн хооронд улам бүр унагасаар байгаа билээ. Ялангуяа сонгогчдын олонхид “Аль нам нь ч гарсан ялгаагүй, адилхан луйвардана”, эсвэл “Энэ удаагийн парламентаас хэнийг нь ч дахиж сонгохгүй” гэсэн үл итгэх байдал бий болоод байгаа үед Ардчилсан нам болоод Ардын намын аль аль нь “алаагүй баавгайн арьсыг хуваах”-аар яарах шаардлагагүй болж байна. Ялсны дараа хуваах бялуунд биш, ялалтын төлөө хийх сонголтод анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг. Нэр дэвшүүлэлтээ хэн зөв, шударга, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар явуулна, тэр ялах боломжтой.

Ямар ч байсан олон нийт тэднээс эрс өөрчлөлтийг хүлээж байгаа. Монголын төр илүү чадварлаг, шударга, иргэнлэг, илүү эдийн засагч, арвич хямгач байгаасай, чихэнд сонсогдовч нүдэнд харагдаж, гарт баригддаггүй эдийн засгийн тэр их өсөлт нь айл бүрийн хаалгаар алхаж ороосой, ард түмэн нь төрөөсөө илүү баян болоосой гэж. Харин энэ бүхэн хүнээр дамжиж хэрэгжих учраас нэр дэвшигчдийн “Хэн нь хэн бэ” гэдгийг сонгогчид анаж байна. Өмнөх шигээ “мөнгөтэй нь гарна” гээд явбал сонгуулийн хуульд дэгээдүүлнэ, өрсөлдөгчиддөө хазуулна. Намтай нь гарна гээд явбал “нам нам биш болсон” гэдэг дүгнэлтийг сонгогчид аль эрт хийчихсэн. Тиймээс намаа нам шиг харагдуулах ганц боломж нь нэр дэвшигчдэд тавих шалгуур.

Хоёр намын хувьд гарцаагүй болсон сонголтыг дээр хэлсэн, одоогийн УИХ дахь гишүүдийн олонхи нь тойрогтоо дахин үзнэ гэж. Тиймээс улс төрийн намуудын өнгөний ялгарал үлдсэн нэр дэвшүүлэлт дээр гарах болж байна. Ардчилсан нам УИХ-д 27 суудалтай гэж үзвэл 49 нэр дэвшигчийг, МАН 45 суудалтай учраас 26 нэр дэвшигчийг шинээр тодруулна. Тэгэхээр Ардчилсан намд илүү боломж байна гэсэн үг. Илүү шинэлэг харагдах, илүү олон шинэ хүмүүсийг улстөрд оруулж ирэх, эмэгтэйчүүдээ дэмжих, залуучууддаа итгэл өгч хариуцлага үүрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ МАН-ынхан шиг баахан тэрбумтнуудын баян өв залгамжлагчдыг оруулж ирээд шинэлэг харагдана гэвэл бүтэхгүй. Бүтэх байлаа ч тэр баян өв залгамжлагчид нь ч байхгүй. Яагаад гэвэл Ардчилсан нам өнгөрсөн 20 жилийн дотор засгийн эрх бүтэн барьсан дөрвөн жил байхгүй. Байсан бол бас МАН, МАХН-ын араас “төрөөс төрсөн тэрбумтан”-аараа цоллуулаад, эдийн засгийн цагдаа, АТГ-ын үүдэнд чулуу няслаад сууж байх байсан ч юм билүү, хэн мэдлээ.

Харин энэ намд арай нэг өөр зүйл байдаг нь ардчилал, шударга ёс, хүний эрх, тэгш эрх, тэгш боломж, эдийн засгийн эрх чөлөө гэх мэт чөлөөт нийгмийг бүрдүүлдэг үнэт зүйлсийн мэдрэмж, үзэл санааг 20 жил тээж ирсэн явдал. Гэвч үүнийгээ аль хэр өнгөлж, өмнөө тавьж явдаг юм бэ гэдгийг бид ирэх сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх тэдний нэр дэвшигчдээр тодорхойлж болох нь.

Намдаа гавьяа байгуулсан, намдаа хандив өгсөн, татвар төлснөөр нь үнэлнэ гэвэл лав амжилт олохгүй. УИХ-д хэр олон жил суусан, хэдэн удаа сайд дарга хийснээр нь жагсаана гэвэл бас олон нийт хүлээж авахтай, авахгүйтэй янз бүр бий. Хамгийн шударга шалгуур бол тухайн хүний мэдлэг боловсрол, мэдрэмж, өөрчлөлтийг хийх хүсэл зориг, хууль ёсыг хүндлэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал. Ядахдаа л нэг нам, нэг фракцийн эрх ашгийг биш, нийгмийн хэсэг бүлгийг төлөөлж, тэдний төлөө дуугарч чадах хүн хэрэгтэй шүү дээ. Хамгийн наад зах нь эмэгтэйчүүд, залуучууд, эмч, багш нар, инженерүүд, эдийн засагчид гээд нийгмийн хамгийн оюунлаг хэсгийн төлөөлөл, эрүүл манлайлал Монголын парламентад дутагдаж байна.

Гэхдээ энэ нь зөвхөн Ардчилсан намын нэр дэвшигчдээс шаардаж байгаа зүйл биш. Ардчилсан намд илүү шинэ салхи орох боломж байна гэснээс биш, Ардын намаас ч бас сонгогчид үүнийг л хүлээж байгаа. Ядахдаа л УИХ-ын танхимыг шоронгийн “хүлээн авах” болгосон авлигачид, тэтгэвэртээ гарсан хүмүүсийн “амралтын газар” болгосон өвгөчүүлээсээ нэг удаа салчих хэрэгтэй шүү дээ. Хүний улстөрд идэвхтэй амьдрах цаг үсрээд арван жил, хамгийн ихдээ гурван сонгууль дамждаг, үүнээс цаашаа тэр хүнээс ямар ч эрч хүч, шинэ зүйл гардаггүй гэдэг. Япон, АНУ шиг өндөр хөгжилтэй, парламентад ёс төлөвшсөн орнуудын хувьд улстөрчийн нас өндөр байх асуудал биш, туршлагатай, тогтвортой байх нь сайн байж магадгүй юм. Харин манайх шиг хөгжил буурай, шийдэх хэрэгтэй, өөрчлөх ёстой асуудал өчнөөнөөрөө хуримтлагдчихсан оронд боловсрол мэдлэг, хурд, хүч, эр зориг илүү үнэ цэнэтэй.

Тиймээс нэг хүний хүсэл зориг, нэг тойргийн эрх ашгаас дээгүүр тавигдаж байгаа намын жагсаалтад энэ нөлөөллийг оруулж ирж яагаад болохгүй гэж. Намын нэр дээр жагсах 28 нэр дэвшигчийн тал хувьд нь эмэгтэйчүүдээ, тал хувьд нь залуучуудаа зогсоосон ч яадаг юм. Гэхдээ шалгуур нь бол нэг л шүү дээ. Хэрэв тэгсэн бол АЭХ-ны тэргүүн нь “Би 50 саяа төлөхгүй” гэж хэвлэлээр намтайгаа хэрэлдэхгүй, Ардчилсан намын залуучууд Ардын намын баян өв залгамжлагчдын тоосонд дарагдахгүй л байсан шүү дээ.

Б.СЭМҮҮН    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж