Эсгийгээр даашинз урладаг шидтэн | News.MN

Эсгийгээр даашинз урладаг шидтэн

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Эсгийгээр даашинз урладаг шидтэн

Загвар
зохион бүтээгч Дэлгэрбаярын Овдогмид өөрийн гэсэн онцлогтой байхыг
эрмэлздэг уран бүтээлч. Тийм дээ ч 2002 онд Дүрслэх урлагийн дээд
сургуулийн монгол зургийн ангийг төгсөөд л загварын чиглэлээр
ажилласан. Гэхдээ бусадтай адил даавуу, савхи, торго дурдангаар биш
ажиллагаа их шаарддаг эсгийгээр бүтээлээ урладаг

-Эсгий бусад материалаас юугаараа онцлог учраас таны сонирхлыг ингэтэл татдаг хэрэг вэ?

-Дизайнерууд
бүхий л төрлийн материалаар загвараа урладаг. Гэхдээ надад өөрийн гэсэн
онцлогтой байх ёстой гэсэн нэг зарчим байдаг юм. Тийм болохоор л эсгийг
сонгосон. Надад таалагддаг.

-Ажиллагаа ихтэй хэцүү санагдаад байдаг юм.

-Маш
хүндрэлтэй шүү дээ. Ноос, ноолуур тансаг хэрэглээний материалд
тооцогддог юм. Тийм болохоор арчилгаа их шаарддаг. Даавуу зэрэгтэй
харьцуулахад байнга, өдөр тутамд эдэлж хэрэглэх зүйл хийхэд тохиромж
тааруу. Үгүй ядаж хамаагүй угааж болохгүй  гэдэг ч юм уу. Тэр утгаараа
худалдан авагч тийм ч олонтой биш. Энэ нь хүндрэлтэй дээ. Гэхдээ зовж
байж хийсэн зүйлээс сэтгэлийн таашаал авах нь илүү санагддаг.

-Нэг загвар хэр удаж байж гараас гарах вэ?

-Эхэндээ
ч олон хоног нухдаг байв. Одоо харин туршлагажаад хэдхэн цагийн дотор
гарчихдаг бүтээл ч байдаг болсон. Хэд хоногоор хийх зүйл ч байна.
Харьцангуй л даа.

-Материалаа хаанаас авдаг юм бэ?

-Ноосоо
ихэвчлэн хувь хүмүүсээс авч өөрсдөө боловсруулдаг. Тэгэхгүй бол бэлэн
эсгий тэр бүр хийх гэж байгаатай минь таардаггүй. Наад зах нь өнгөний
ямар ч сонголт байхгүй.

-Эсгий гэхээр хүмүүст цагаан өнгө л буудаг. Гэтэл таны бүтээлүүд их олон, голдуу тод өнгийнх юм?

-Бидний
эргэн тойронд байгаа зүйлс бүгдээрээ өнгөтэй холбоотой. Хувцсанд өнгө
их чухал. Тухайн жилийнхээ загварын чиг хандлага, өнгөний зохицол
зэргийг загвартаа тусгахаас гадна өөрийнхөө мэдрэмжид захирагддаг. Би
амьдралыг баяр баясгалан, өөдрөг үзлээр харахыг хичээдэг болохоор
баялаг тод өнгөнд дуртай. Зарим үед бол бараан, завсрын өнгийг
сонголгүй яах вэ. Мөн хэнд зориулж юу хийх гэж байгаагаас өнгөний
сонголт хамаарна.

-Эсгийтэй ямар материал илүү зохицдог бол?

-Эсгий
чинь өөрөө ноосоор бүтээгдсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас
натураль материалтай илүү зохицдог. Савхи, арьс, шир, үслэг эдлэл, мод,
төмөр, яс зэрэг илүү зохицдог юм.

-Загвараа гаргахад зураачийн мэргэжил тань их хэрэг болдог уу?

-Зурагтай загвар маш их холбоотой. Загвар зохиоход оёдлын шугамнаас эхлээд зохиомж гээд бүгд зурагтай холбоотой шүү дээ.

Үндэсний,
уламжлалт хэв загварыг багтаахыг, мөн дээрээс нь орчин үеийн чиг
хандлагыг тусгахыг хичээдэг. Монгол үндэсний түүхээ орчин үеийн
загвартай хольдог гэх үү дээ.

-Яагаад зураачаар ажиллаагүй юм бэ?

-Зургаар яваагүй ч загвар зохиож байгаа юм чинь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна гэж болно биз дээ.

-“Гоёл 2009“-д оролцсон уу?

-Хамгийн
анх 2004 онд “Гоёл“ наадмаас “Дорнын хатагтай“ гэж ханцуй дээрээ
чимэглэлтэй үндэсний загвартай гоёлын эсгий даашинзны коллекцоороо
шилдэг загвар зохион бүтээгч шагналыг авснаасаа хойш тасралтгүй оролцож
байна. Гэхдээ дандаа эсгий бүтээлээрээ. Сүүлийн хоёр жилд ихэвчлэн
энгийн хэрэглээний тал руу бүтээл хийж байгаа. Гэхдээ хэрэглээ гэхээр
загвар нь энгийн гэсэн үг биш л дээ.

-Бүтээлээ яаж борлуулдаг вэ?

-Захиалгаар хийхээс гадна бэлэн бүтээгдэхүүнээ “Номин“ их дэлгүүрт борлуулж байгаа.

-Ажиллагаа ихтэй болохоор үнэ нь ч тэр хэрээр өндөр биз?

-Үнэтэй ч биш, хямдхан ч биш. Монголчуудын хувьд үнэтэй санагдаж болох ч гадаадынханд юу ч биш л дээ.

-Хүмүүс юуг нь илүү авч байна?

 -Янз
бүр. Хувцсыг илүү сонирхдог. Малгайг бээлий ч юм уу, ороолттой нь
хослуулж авдаг. Гадаадынхан илүү сонирхдог юм. Тэдний хэрэглээ
манайхантай харьцуулах юм бол маш өндөр түвшнийх. Илүү шинэлэг,
материалаа хүртэл байгалийн, дахин давтагдашгүй, хүний биед хоргүй байх
талаас нь сонгодог. Тийм болохоор эсгийгээр хийсэн загвар сэтгэлд нь яв
цав нийлдэг юм билээ.

-Уран бүтээлчид онгодын тухай ярих дуртай. Таны онгод ямар үед ордог вэ?

-Онгодыг
хүссэн үедээ оруулж болдог зүйл гэж би боддог юм. Хийж байгаа бүтээлдээ
сэтгэлээ өгөөд, түүндээ шингэж орохыг  би онгод гэж ойлгодог шүү.

-Сэтгэл хөдлөл хамаатай юу?

-Сэтгэлээ
зориулж байгаа гэдэг утгаараа хамаатай байлгүй яах вэ. Загвараа хийхдээ
сэтгэл хөдлөхгүй гэж байхгүй дээ. Тэгээд ч бид ямар жирийн зүйл хийж
байгаа биш.

-Загвар зохиохоос гадна ямар авьяастай, юу сонирхдог вэ?

-Хоол хийх, зураг зурах дуртай. Сонгодог урлаг, уран зохиол сонирхдог. Хамгийн сүүлд “Хунт нуур“ балет үзсэн.

-Шүтлэгтэй юү?

-Бөөгийн шашин шүтдэг. Гэхдээ бүр тийм үхэн хатан шүтээд байдаг ч юм биш л дээ.

Д.Овдогмидын
загварууд өөрийн гэсэн онцлогтой. Бүдүүн бараг эсгийгээр намирсан
хормойтой гоёлын даашинз хүртэл урлаж чаддаг түүнийг шидтэн гэхээс өөр
үг орж ирэхгүй байлаа.

Г.УНДРАМ /2009 оны 1 сарын 22/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МММ 2010-03-03 202.131.234.76

ZA BAYAR HURGEY TANID TA SAK SHUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж