Энхтайван, хөгжлийн сан нь ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд гол зорилго нь бусад орны төрийн бус байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах явдал гэдгийг онцолж байлаа. Санг өнгөрсөн жилийн наймдугаар сард байгуулжээ. Анхны гадаад зочид нь Монголын сэтгүүлчид болсон юм. Энэ хугацаанд тэдний төлөөлөгчид Монголд ирж халамжийн үйл ажиллагаанд оролцсон байна.
Монгол Улсын ЭМЯ-тай хамтран Улаанбаатарын III нэгдсэн эмнэлэгт нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй мэс засал хийх “Гэгээн мэлмий” арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээнд 90 гаруй хүн хамрагдсанаас 40 хүнд мэс засал хийсэн нь амжилттай болсон байна. Өвчтөний хамгийн ахмад нь 92 настай хүн байжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 онд Хятадад айлчлах үеэр хоёр орны харилцааг стратегийн харилцааны төвшинд хүргэх баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцаа энэ дагуу төрийн ба төрийн бус байгууллагын хүрээнд өргөжиж байгааг сангийнхан тэмдэглэж байлаа.
“Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд иргэдийн харилцаа суурь болдог. Энхтайван, хөгжлийн сан хандиваар үйл ажиллагаа явуулж, иргэдийн хандивыг буцаагаад иргэдийн сайн сайхны төлөө зарцулдаг. Монгол Улс, АНУ, Канадтай харилцан үйл ажиллагаа явуулж байна. Мөн Пакистан, Балба, Мъянмар зэрэг оронд үйл ажиллагаа явуулсан. Монгол Улс хээр тал, өргөн уудам нутагтай тул бусад оронтой харьцуулахад монголчууд нүдний хараа сайтай. Болор бүдэгших өвчтэй хүн цөөн байдаг. Нүдний эмч хангалттай, өвчтөн цөөн байдаг онцлогтой” гэж сангийн удирдлага ярьж байлаа. Дараагийн удаа зүү, төөнүүрийн чиглэлээр эмч, мэргэжилтэн илгээж болох талаар ч ярилцсан юм.