Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Иргэний үнэмлэхийн
талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг
хэлэлцсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн танилцуулснаар
шинээр иргэний үнэмлэх авах шаардлагатай 64 мянга гаруй иргэн байгаа
аж. Тэдэнд хуучин үнэмлэх олгох боломжгүй, тиймээс нөхцөл байдлыг
харгалзан үзэж УИХ-ын сонгуулиас урьтаж шинэ цахим үнэмлэх олгох
шаардлага тулгарч байгааг энэ үеэр онцлов. Мөн тэрбээр өнгөрсөн долоо
хоногт цахим үнэмлэх хэвлэж байгаа үйл явцтай биечлэн танилцжээ. Шинэ
үнэмлэхийн бэлдэц одоогийн байдлаар 472 мянга ирээд байгаа гэсэн
мэдээлэл өгсөн. Харин хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоод хэргийн
сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын дунд нэлээд ширүүхэн
хэрүүл өрнөсөн юм.
Н.Алтанхуяг гишүүн “Ц.Нямдорж оо, чи
зориудаар сонгуулийг будилаантуулах гэж ийм ажил зохион байгуулж байгаа,
яагаад хурууны хээгээр санал өгөх асуудлыг оруулж ирэхгүй байна вэ” гэж
хэлсэн бол сайд Ц.Нямдорж “Хэн чамайг замын дундаас ажлаа хая гэсэн юм.
Би дуртайдаа ажлыг чинь аваа юу” гэж байлаа. Н.Алтанхуяг гишүүн ч
мөчөөгөө өгсөнгүй “Чи тэр Л.Амарсанаагаа халаарай, танай нам чамд
хайртайдаа сайдын суудлаас чинь огцруулаагүй гэж бодож байна уу. Чи бол
сонгууль будилаантуулах гэж л үлдсэн ш дээ, муу бууны нохой” гэж байлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тэднийг хэрүүлээ зогсоохыг
шаардсан ч ширээний хоёр талаас бие биендээ хорон үгийг чулуудсаар
байлаа. Эцэст нь байнгын хорооны дарга хүчээр шахам санал хураалт
явуулснаар эл тогтоолын төслийг гишүүдийн олонх нь “Хэлэлцэх нь зүйтэй”
хэмээн үзсэн юм.