Үзэсгэлэнд Б.Ширэндэв агсны амьдралын замналыг өгүүлэх нэн сонирхолтой эд өлгийн зүйлс, архивын бичиг баримт, ном, гэрэл зургийг дэлгэн харуулсан байлаа. Үүнд, түүний хэрэглэж байсан хүрэн бичгийн ширээ, сандал, бийр янтай, тухайн үеийн Оросын “монпасай” чихрийн төмөр саванд хийсэн бичгийн хавчаар, Б.Ширэндэвийн эцэг Базарын урласан хорол тоглоом, эцэг, эхийнх нь хэрэглэж байсан домбо, усны модон сав, өөрийнх нь хэрэглэж байсан нүдний шил, сансар судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж өгсөн “Алтан гэрэгэ”, намд элсэх өргөдөл, хуучин монгол бичиг болон крилл, орос хэл дээр бичсэн түүний гар бичвэрүүд багтаж байв. Мөн түүний Эрхүү хотноо сурч байхдаа гурван үеийн намтраа орос хэл дээр бичсэн гар бичвэр, гадаад руу харилцаж байсан захидал, дугтуй, ил захидлын хамт шилэн хоргонд дэлгэжээ. Түүнчлэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үг, Х.Чойбалсан, Ц.Дамдинсүрэн нарын тухай дурдатгал, өөрийн бичсэн шүлгийн гар бичвэр, нийгэм улс төр, шинжлэх ухаан, соёл боловсрол, гадаад харилцааны салбар дахь үйл ажиллагаа, гэр бүл, түүний амьдралд холбогдох ховор сонирхолтой бичиг баримт, гэрэл зургууд тавигджээ. Тэрээр хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн МАХН-ын Төв хорооноос хэд хэдэн удаа шийтгэж байсан бөгөөд түүнийг цагаатгасан тухай баримтуудыг мөн дэлгэн үзүүлсэн байлаа.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн дараа Б.Ширэндэв агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан эмхэтгэн гаргасан 10 боть номын нээлт болсон юм.
Үүнд:
- “Монголын түүх судлал”
- “Ардын хувьсгалын түүх судлал”
- “Монголын орчин үеийн түүхийн судалгаа”
- “Монголия на ребеже XIX века”
- “Монголын шинжлэх ухаан академи ба шинжлэх ухаан судлал”
- “Гадаад харилцаа хамтын ажиллагаа”
- “Намтар судлалын бүтээлүүд”
- “Дурдатгал, хэлсэн үг, ярилцлага”
- “Уран зохиолын чуулган”
“Академич Б.Ширэндэв түүх бичлэгт” гэсэн 10 ботиор түүний амьдрал, үйл хэргийг нэгтгэжээ.
Эдгээр 10 ботийн дээжээс ойн арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон хүмүүст болон албан байгууллагуудад гардуулан өглөө. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, академич Б.Ширэндэвийн зээ дүү Ц.Загдаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор, ОХУ-ын Элчин сайдын яам, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл болон Үндэсний номын сан, МУИС, УБИС, ШУТИС, ЭМШУИС, Улаанбаатар их сургууль, БХИС, Боловсролын их сургууль, ХААИС-ийн номын санд 10 ботийн дээжээс хүлээлгэн өгсөн юм.
Мөн өнөөдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талбайд түүний хөшөөний шав тавих ёслол болсон. Цаашид ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаагаа зохион байгуулагчид нь энэ үеэр дуулгаж байсан юм. Тухайлбал, Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан олон улсын эрдэм шинжилгээний хурал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд гэр музейг нь байгуулж, яруу найргийн наадам зохион байгуулах гэнэ.