Хөрөнгө оруулалт 500 тэрбум байж болно гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт 500 тэрбум байж болно гэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгасны зэрэгцээ найруулгуудыг ч цэгцэлсэн юм. Ингэснээр уул уурхай эрдэс баялаг, банк, харилцаа холбооны салбарыг стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид хамааруулаад байна. Тиймээс дээрх нэр дурдсан салбарт гадаадын аж ахуйн нэгж болон гадаадын төрийн өмчийн оролцоотой компани хөрөнгө оруулах бол тодорхой шаардлагуудыг тавьж байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагч компани /хувийн/ нь нэр дурдсан стратегийн ач холбогдол бүхий салбарын аль нэгд нь хөрөнгө орууллаа гэхэд тэр нь 100 тэрбум, 200 тэрбум төгрөг байж болно, тэр байтугай 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан ч асуудалгүй гэж үзэж байна. Гагцхүү хувь нь 49-ээс дээш гарахгүй байх ёстой. Энэ тохиолдолд тухайн гадаадын хөрөнгө оруулагч компани нь Засгийн газарт хандаж зөвшөөрлөө авсан байх ёстой. Хэрвээ хувь нь 49-ээс дээш гарч байгаа бол Засгийн газарт асуудлыг тавьж, харин Засгийн газар эл асуудлыг УИХ-д оруулж ирж зөвшөөрөл авах ёстой. Харин төрийн өмчийн оролцоотой гадаадын хөрөнгө оруулалт тус салбарт орж ирнэ гэвэл нэг хувь ч байсан зөвшөөрөл авахаар заагаад байна. Энэ нь нэг талдаа үндэсний аюулгүй байдлыг хангах, нөгөө талдаа гадны хөрөнгө оруулалтыг аль болох зохистой хэмжээнд байлгах гэсэн зохицуулалт ажээ.

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Чулуунбат гадаадын хөрөнгө оруулалтаар дамжиж асар их хөрөнгө Монголд үлдэж байгааг сануулсан юм. Тухайлбал, Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр жилд нэг тэрбум орчим ам.доллар олдог байна. Тус үйлдвэрийн 51 хувийг Монголын тал эзэмшдэг бол 49 хувийг Орос эзэмшдэг. Тооцоо хийхээр дээрх нэг тэрбумаас 900 орчим сая ам.доллар нь Монголд цахилгаан, дулааны зардал, татвар гэх зүйлүүдээр эргэж үлддэг. Мөн “Бороо гоулд” компанийг авч үзэхэд хөрөнгө оруулагч нь 100 хувь Канадын тал. Арван жилд тэрбум гаруй ам.долларын ашиг олсон бөгөөд татвар төлөлт хийгээд тайлан балансыг нь харахаар 600 сая ам.доллар нь Монголд үлдсэн байх жишээтэй. Тиймээс Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдыг үргээх, итгэл алдах зүйл рүү явуулчих вий хэмээн болгоомжлуулж байлаа. Ингэхдээ Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг УИХ-аас баталснаас болж алт олборлолтын хэмжээ эрс буурсан төдийгүй далд эдийн засгийг бий болгосон. Тодруулж хэлбэл, жилдээ 25 тонн алт олборлодог байсан Монгол Улс дээрх хуулийн харгайгаар алт олборлолт эрс буурч 3-4 тоннд хүрсэн гэнэ. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Н.Энхболд “Төсөл өргөн мэдүүлснээсээ үндсэндээ нэлээд өөрчлөгдсөн,  хатуу заалтуудыг нэлээд уян хатан болгосон, хоёр талын байр суурийг нэлээд ойртуулсан. Ингэж байр сууриудыг ойртуулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нартай биечлэн уулзсаны зэрэгцээ Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Банкны холбоо, Уул уурхайн ассиоциаци зэрэг нэлээд олон байгууллагын хүмүүстэй санал солилцож, шийдлийг гаргасан гэж байлаа.

Ингээд эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь эл төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтов.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж