Клиникийн нэгдсэн II эмнэлэгт эмчлүүлж байгаад өчигдөр батлан даалтад гарсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тусгай хамгаалалтыг буулгасан хэмээн МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог мэдэгдэж байсан билээ. Тэрбээр “Төв аймгийн ерөнхий прокурор Б.Баян-Очирын тушаалаар Н.Энхбаярын төрийн тусгай хамгаалалтыг нь буулгаж, саатуулах байрны өрөөны камерыг авсан” хэмээн Н.Энхбаярыг батлан даалтад гарахаас өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байв. Гэтэл албаны эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаярт үзүүлэх төрийн тусгай хамгаалалт хэвээр буюу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу гуравдугаар зэрэглэлийн хамгаалалттай байгаа аж. Түүнийг цагдан хоригдож байх хугацаанд нь “Тусгай хамгаалалттай” хэмээн хоолыг нь гаднаас шалган оруулж, хамгаалагч нь Н.Энхбаярын өрөөг хянаж байсан камерыг байнга ажиглаж байжээ.
Б.МАНД