Франсуа Олланд ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Франсуа Олланд ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Францын шинээр сонгогдсон социалист Ерөнхийлөгч Франсуа Олланд Элисейн ордонд тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаа дуусахад Франсуа Олланд Ерөнхий сайдыг томилж, тэндээс шууд Ангела Меркелтэй уулзахаар Герман руу нисэх гэнэ.

Парис хотын төвд орших Элисейн ордонд 17 жил социалистууд эзгүй байсны эцэст зүүний үзэл баримтлалт Франсуа Олланд ерөнхийлөгчөөр сонгогдож, социалистууд Францад Засгийн эрх барих болж байгаа юм. Тангараг өргөх ёслолын үеэр Николя Саркози Франсуа Олландад баяр хүргэн, гар барьж, шинэ Ерөнхийлөгчтэй уламжлалын дагуу ганцаарчлан уулзжээ.

Францад ерөнхийлөгч албан үүргээ шилжүүлэхдээ цөмийн пуужингийн нууц кодыг дамжуулдаг уламжлал тогтжээ. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг сүр дуулиангүй зохион байгуулахыг хүссэн учраас ёслолын ажиллагаанд ердөө 30-аад тусгай зочдыг урьж, 350 албаны хүн оролцсон гэнэ. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Франсуа Олландын хамтран амьдрагч Валерие Триервейлер, хүүхдүүдийг ч оролцуулаагүй байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагаанд  нь өмнөх жилүүдийнхээс шинэ зүйл байгаагүй бөгөөд уламжлалын дагуу Ерөнхийлөгч задгай дээвэртэй машинаар Элисейн талбайгаар явж өнгөрөн, Ялалтын хаалганы доор орших нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг өргөснөөр үргэлжилнэ. Франсуа Олланд XIX зууны Францын боловсролын шинэчлэгч Жюль Ферри, Нобелийн шагналт химич Мари Кюригийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх гэнэ. Үүний дараа Франсуа Олланд Францын ерөнхий сайд асан социалистуудтай Ерөнхийлөгчийн хувьд анхны үдийн зоог барих аж.

Франсуа Олландын хамгийн анхны ажил нь шинэ Ерөнхий сайдыг томилох бөгөөд парламент дахь Социалист бүлгийн тэргүүн Жан-Марк томилогдох магадлал хамгийн өндөр байгаа юм.  Харин Франсуа Олландын эдийн засгийн зөвлөх Мишель Сапин Сангийн сайд болж магадгүй гэж ажиглагчид бичиж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж