Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхтэй

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхтэй

МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг ар гэрийнхэн нь болон МАХН-ын гишүүд Сүхбаатар дүүргийн шүүхэд тавьсныг Шүүх хэлэлцээд, өчигдөр /V.14/ түүнийг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн билээ. Энэ өдөр мөн Нийслэлийн прокурорын газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд /V.14/ шилжүүлсэн. Ийм тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх нь олны анхаарал татаж байгаа юм. Тэрээр авилгын хэрэгт холбогдон хоригдсоноо улс төрийн шалтгаанаар, тэр дундаа сонгуульд оролцуулахгүй байх зорилгоор өрсөлдөгчдийнх нь хийж байгаа үйлдэл хэмээн үзэж байгаа билээ.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс энэ талаар тодруулахад:

-“Сонгуулийн тухай хуулийн 26-р зүйл буюу нэр дэвшүүлэх журмын 4.2-т зааснаар нэр дэвшигч нь ял шийтгүүлж байгаагүй,  эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх ёстой” гэж заасан байдаг.

Эрүүгийн хуульд заасан “ялтай байх” гэдэг нь тус хуулийн 25.1. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг тул МАХН-ын даргын гэм буруутай эсэхийг одоогоор тогтоогүй учир сонгуульд нэр дэвших нээлттэй байгаа гэсэн үг.

Тэгэхээр 14 хоногийн /өчигдрөөс хойшхи/ хугацаанд Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярт холбогдох шүүх хурлыг зарлаагүй буюу түүнд холбогдох хэргийн шүүх хурал болоогүй, эсвэл ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй тохиолдолд тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй үлдэх нь. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшсэний дараа шүүхээс түүнд холбогдох хэргийг хэлэлцээд, ямар нэг ял шийтгэл оноосон тохиолдолд СЕХ-ноос түүнийг нэр дэвших эрхээс нь түдгэлзүүлэх ёстой гэсэн тайлбарыг албаныхан өглөө.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж