-Жүжгийн бэлтгэл хийгээд завгүй явна уу?
-Ер нь завгүй шүү. Найруулагчаар ажилласан бол бүр ч завгүй байх байлаа.
-Яагаад дээл өмсчихсөн юм бэ?
-Бараг зуны улирал эхэлсэн ч тэнгэр бурхан минь цас, бороо нь мэдэгдэхгүй хураараа сайхан гөвшиж байна. Дотор сууж байгаа бид ч нэлээд жиндэж байгаа болохоор дээл өмсөхөөс өөр сонголт байсангүй. Монгол хувцас сайхан шүү дээ. Бие засах, нөмрөөд унтах зэрэгт тал бүрийн ашгаа өгнө (инээв).
-Та энэ жүжгийг яагаад сонгосон юм бэ?
-Энэ жүжиг 30-аад жилийн өмнө тоглогдсон агуу бүтээл. 1983 онд манай нутаг Дорнод аймагт хөгжимт драмын жүжиг болон тоглогдсон. Тэр үед би Кино драмын дээд сургуульд сурч байхдаа хоньчин Самдангийн хүү болон тоглож байлаа. Тэр үеэс л надад энэ санаа төрсөн хэрэг. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг үг байдаг даа. Ардынхаа энэ сайхан үгэнд итгэж явсаар өнөөдөр мөрөөдлөө биелүүлэх нь. Уран бүтээлчидтэйгээ өдөр бүр бэлтгэлээ хийгээд сайхан байна. Сонгосон мэргэжилдээ хайртай хүн хэчнээн хэцүү байлаа ч туулаад өнгөрдөг гэдэг. Түүн шиг л бид хүйтэн зааланд ч хамаагүй бэлтгэлээ хийгээд сууж байна. Энэ жүжгийг аймагт хөгжимт драмын жүжиг болгосноос хойш Г.Доржсамбуу агсан кино болгосон удаатай.
-Ганцхан төрөл үлдээд байсныг нь та гүйцэлдүүлж байгаа байх нь ээ?
-Харин тийм. Ахмад уран бүтээлчид ч “Зөв алхам хийж байна” гээд ихэд үнэлж байгаа. Нээлтээрээ л тэднийхээ итгэлийг дааж гарна даа.
-Жүжгийг эх барьсан уран бүтээлчдийн ар гэрийнхэнтэй уулзаж, зөвшөөрөл авсан уу?
-Авсан. Аль алиных нь гэр бүл сайхан хүлээж авсан. Г.Доржсамбуу агсан энэ жүжигтээ үнэхээр их дурласан байсныг хөгшин нь хэлсэн.
-Гадаадын сонгодог бүтээлүүдээс юугаараа онцлог болох вэ?
-Гадаадын бүтээл бол гадаадын л байдаг. Манай улсын сонгодог бүтээл цаанаасаа л үзэгчдийн хайрыг татаад байдаг юм. Энэ жүжигт хэр баргийн жүжигчин тоглож чадахгүй. Тэгэхээр тийм том шалгууртай бүтэээл юугаараа онцлог байх нь ойлгомжтой биз дээ. Бид энэ жүжгээрээ хамгийн гол нь ургаа мэддэг байя гэдэг агуулгыг хэлэхийг зорьсон юм. Хотод төрөл садан хэрнээ хэн хэнийгээ танихгүй гэр бүл болж байгаа хүүхдүүд олон байна. Энэ их эмзэглүүштэй. Магадгүй энэ жүжгийг үзээд гарсан хэн нэгэн өвөөгийнхөө өвөөг ямар хүн байсан юм бэ, түүнээс дээш өвөг эцэг хэн байв гэдгийг мэдэхсэн гэсэн ухааралтай болох вий.
-Жүжиг энэ сарын 19-нд нээлтээ хийнэ. Хэдэн өдөр үргэлжлэх вэ?
-Нийслэлд хоёр өдөр тоглоно. Хэд хоногийн дараа Дорнод аймагт, харин наймдугаар сараас нийслэлд суугаа үзэгчидтэйгээ уулзалдана.
-Хөгжим, найруулгыг хэн хийж байгаа вэ?
-Багын найз А.Болорхүүгээр хөгжмийг нь бичүүлсэн. Найруулагчаар Х.Болд ажиллаж байгаа. Энэ хоёр хүн хоёулаа манай аймгийн театрын уран бүтээлч.
-Драм, дэлгэцийн бүтээл болсон жүжгийг мюзикл болгоход хэр хүндрэлтэй байдаг юм байна…
-Дэлхий нийтээрээ мюзиклээр амьсгалж байна шүү дээ. 2005 онд “Мама мияа”-г үзэж суухад өмнө нь мөрөөдөж байсан хүслийг минь улам оргилуулсан. Гэхдээ тэр мюзикл техник, технологиор зодсон байсан л даа. Харин бид жүжигчдийн ур чадварыг, хөгжимтэй хослуулна.
-Таныг саяхан бурхан болсон гэх мэдээлэл гарсан байсан. Үүнийг хэрхэн хүлээж авав?
-Мэдээж хүнд байлгүй яах вэ. Ялангуяа найзуудад маань хэцүү байсан гэсэн. Зарим нь миний утас руу залгаж чадахгүй эхнэрийгээ залга гэсэн байна билээ.
-Эхнэр нь тэгээд залгасан уу?
-Хүний мууд дурласан биш юу гэж залгах вэ дээ. Ялгаагүй эмээсэн биз. Миний биеийн байдал жил гаруйн өмнөөс муу байсан нь үнэн. Гэхдээ одоогоор арай ч бурхан болтлоо муудчихаагүй байна. Өнгөрсөн жилийн яриа бараг намжаагүй байхад тийм муухай, ичгүүргүй худал мэдээлэл гаргасан сэтгүүлчид гомдолтой байгаа. Цаашдаа битгий ийм үйлдэл хийгээсэй гэж хэлье. Намайг тэгж бичсэн нь магадгүй өөрийнх нь сонины борлуулалтад сайн байсан байх л даа. Гэхдээ намайг болон эргэн тойронд минь байгаа хүмүүсийн сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдөхийг ухаарсангүй дээ. Би энэ мэдээллийг сонссон даруйдаа санаа нь зовж байгаа гэж бодсон бүх хүн рүү ярьсан.
-Юу гэж ярив?
-Юу ч болоогүй юм шиг “Сайхан амарсан уу” гээд л ярьсан. Зарим нь сонсоогүй ч байж мэднэ шүү дээ. Би амьд байгаа шүү гэлтэй нь биш. Тийм биз дээ.
-Тэр мэдээллийг гаргасан хүнтэй уулзсан уу?
-Үгүй. Энэ олон сэтгүүлчийн алийг нь гэх вэ. “Дорнод нутаг” клубийнхэн маань эрэн сурвалжилж байгаа гэсэн. Оллоо гээд ч яах вэ. Зодолтой нь биш. Би мэнд байгаагаас цааш.
-Гэхдээ манайхан ийм яриа гарахаар мөнхөрдөг гэж бэлэгшээдэг шүү дээ…
-Аавын минь оронд аав болсон ах нар маань “Миний дүү айхтар хагалгааны ард гарсан юм чинь мөнхөрнө өө” гэж хэлсэн. Надаас илүү тэд маань бэлгэшээж байгаа юм шиг байна билээ.
-Ээж тань энэ тухай сонсч амжаагүй байсан уу?
-80 насыг элээж яваа хөгшин байдаг л даа. Ах эгч нартай аймагт байдаг юм. Интернэт рүү орж чаддаггүй болохоор сонсоогүй байна билээ. Магадгүй одоо ч мэдээгүй байх. Муу үг амархан тардаг болохоор ээжийг сонсчих вий гэж бодоод эгч рүү ярьж “Ээж элдэв янзын юм сонсчихвол зөвөөр ойлгуулаарай” гэж хэлсэн. Өнгөрсөн жилийн цагаан сараар ээждээ очиж золгосон. Хоёр жилийн дараа очсон минь тэр. Бие маань муу байсан болохоор төрсөн гэр, нутагтаа очвол дээрдэх байх гэж бодсон юм. Тэгээд ч ойрд ээждээ үнсүүлээгүй юм чинь.
-Таны бие одоо хэр байна вэ?
-Давгүй ээ. Мюзикл хийх гээд гүйгээд явж байгааг та харж байгаа биз дээ. Тэгэхээр ах нь нэг ч өвчингүй гэсэн үг.
-Дөрөвдүгээр сарын 1-нд хошин урлагийн хамтлагууд хамтарч анх удаа улаан хивсний ёслол үйлдсэн. Та яагаад байсангүй вэ?
-Тэр үеэр биеийн байдал жаахан тавгүйрхээд БНСУ руу эмчилгээнд явсан юм. Мэргэжил нэгтнүүд маань сайхан зохион байгуулж, үзэгчдээ хүлээж авсан байна билээ. Хагалгаагаа Тайландад хийлгэж, тэндхийн эмчийн хяналтад ороод байгаа.
-Ямар давтамжтай эмчлүүлдэг вэ?
-Гурван сарын хугацаатай эмчлүүлдэг байлаа. Саяхнаас зургаан сарын хугацаатай болсон. Хугацаа нь холдож байгаа нь өвчин илааршиж байна гэсэн үг шүү дээ.
-Нэлээн зардал болно биз. Хувиасаа гаргаж байна уу?
-Зардал их гарах нь мэдээж. Дээр би “Аавын минь оронд аав болсон ах нар байгаа” гэж хэлсэн шүү дээ. Тэд нар маань надад их тус хүргэж байгаа. Мөн МИАТ-ийн хамт олон болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нар байна. Тайландад хагалгаанд орох гэж байхад тэнд суугаа монголчууд хэнээс ч сонссон юм бүү мэд намайг олоод эмнэлэгт ирчихсэн “Монголоос ирсэн хонины мах. Үүгээр шөл хийлгээд уучих” гээд бариад зогсч байсан. Би тэднийг танихгүй ч өөрийн эрхгүй уйлсан. Тэр үед тайланд эмч нар “Монголчууд ямар их сайхан сэтгэлтэй, нийтэч юм бэ” гэж гайхаж байсан шүү. Үнэндээ ч тэр улсын малын мах манай улсын малынхаас чанараараа талд нь ч хүрэхгүй л дээ. Тэд надад сэтгэлзүйн маш их дэмжлэг өгсөн.
-Та одоо цагаан хоолтой болсон уу?
-Үгүй. Би энэ талаар ярих дургүй. Гавьяа байгуулсан биш. Хоолоо тохируулж идээгүйгээс болсон шүү дээ. Би тэр үед үнэхээр хэцүү хооллодог байсан. Юм идэхгүй өдөржингөө бэлтгэл хийж байгаад шөнө хариад хүйтэн өөх, тостой хоол идчихээд унтдаг байсан юм чинь. Харин одоо ойр ойр бага хэмжээгээр хооллож бай гэсэн эмчийнхээ зөвлөгөөг дагаж байгаа. Ходоодоо авахуулсан хүн цагаан хоолтон болно гэж байхгүй л дээ.
-Таны дотны найзуудын нэг гавьяат тамирчин Т.Үйтүмэн тэр үед нэлээд тус хүргэсэн гэсэн үү?
-Тэгсэн. Би салбар бүрт найзтай. Тэднийхээ буянаар өнөөдөр хөл дээрээ яваа гэж боддог. Намайг бурхан болсон гэсэн мэдээг Үүеэ маань сонсоод итгэхгүй байсан гэсэн. Ямар сайндаа миний мэдэхгүй дугаараас залгачихаад юм ярихгүй миний дууг сонсоод байх вэ. Бид хоёр чинь боксын рингэнд хамт бэлтгэл хийж байсан удаатай. Би түүнийг дагаад тамирчин болох шахсан. Даанч урлагийн сонирхол маань давамгайлаад боксыг орхисон юм.
-Шинэ уран бүтээлийн урилга ирж байна уу?
-Ирсэн. 60 ангит киноны санал бий. “Hero энтэртайнмент”-ийн захирал Б.Баатар ч нэг кинонд тоглуулах гэж байгаагаа мэдэгдсэн. Сүүлийн үед уран бүтээлээс хөндий байлаа. Одооноос гялалзаад байна аа. Чингис хааны зарцын дүрд тоглосон ч хаандаа таалагдаж байвал миний мөрөөдөл тэр.
-Гэр бүлийн тань хүнийг З.Солонго гэдэг байх аа. Та дээхнэ гэр бүлээ гэрийн эзэн нь авч явдаг байхад манай гэр бүлийг эхнэр маань авч явдаг гэж байсан…
-Тийм. Эхнэр маань уг нь жүжигчин мэргэжилтэй, манай нутгийн бүсгүй. Даанч амьдралын шаардлагаар урлагаа орхисон. Хоёр хүү, нэг охинтой. Аав маань тайз засалч байсан юм. Би цэцэрлэг, сургуулиа тараад л аавынхаа ажил руу гүйдэг байлаа. Тэр л намайг урлагт хөтөлсөн байх. Хүүхдүүд маань ч хааяа намайг дагаж урлагийн тайз ширтдэг. Тэгэхээр урлагийн хүн болох болов уу гэж боддог. Гэхдээ одоохондоо балчир байна. Охин маань их хөдөлгөөнтэй. Жүжигчин болж магадгүй.
-Хэн хэн гэдэг билээ. Их л өвөрмөц нэртэй санагдана?
-Эзэнбат, Эзэнбулаг, Эзэнтулга. Ууган хүүд маань аав Эзэнбат гээд нэр өгчихсөн юм. Монголчууд ууган хүүхэддээ Ба гаар эхэлсэн нэр өгсөн бол дүү нарыг нь адилхан нэрлэчихдэг шүү дээ. Түүнтэй л адил. Би хүүхдүүддээ “Аав ээж хоёр нь хамтдаа зүтгэж байж л аав нь тайзан дээр гарч байна шүү” гэж хэлдэг.
“ӨДРИЙН ШУУДАН” СОНИН