“Номын баяр” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

“Номын баяр” нээлтээ хийлээ

Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг номын баяр өнөөдөр Монголын залуучуудын холбооны байранд нээлтээ хийлээ. Өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох хэн бүрийн саатах үзэсгэлэн, худалдаа үүдээ нээв. Жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлсээр буй “Номын баяр”-т  зай талбай нь багадсан мэт санагдлаа. Дөнгөж хэвлэлтээс гарсан, будаг нь ханхалсан номнууд ширээн дээр эзнээ хүлээхийн зэрэгцээ хуучны ховор ном мэр сэр харагдана.

“Номын соёлт ертөнц” ТББ болон UBS телевизээр үзэгчдэд хүрдэг “Номын Ертөнц” нэвтрүүлгийн уран бүтээлчдийн зохион байгуулж буй үндэсний хэмжээний “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд “Монголын залуучуудын холбоо”-ны байранд үргэлжилнэ. Уламжлал болгон зохион байгуулдаг энэ баярыг номын хорхойтнууд тэсэн ядан хүлээдэг. Арав дахь жилтэйгээ золгож буй “Номын баяр” энэ удаад “Есөн эрдэнийн орон” шүлгийн эзэн, Ардын уран зохиолч П.Бадарчийн “Ном бол арав дахь эрдэнэ” уриан дор болж байгаа юм.

“Номын баяр”-т Монголын ном хэвлэлийн салбарынхан өргөнөөр чуулдаг. Энэ жилийн баярт улсын болох хувийн 40 гаруй байгууллага оролцож байна. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн бүх зохиолчид ном, бүтээлээ дэлгэн тавьж байгаа бөгөөд Монголын сэтгүүлчдийн эвлэл, Шинжлэх ухааны академи, Монголын хамгийн анхны ном түгээдэг байсан байгууллага болох “Монгол ном” ХК, “Интер прэсс”, “Мон судар” гээд ном хэвлэлийн байгууллагын идэвхтэй 40 байгууллага, Дархан, Эрдэнэт, Завхан аймгаас зохиолч, уран бүтээлчид өөрийн ном, бүтээлээ оролцож байгааг зохион байгуулагчид онцолсон юм.

Зөвхөн энэхүү номын баярын өдөр ном хэвлэлийн байгууллагууд, ном эрхлэн гаргагчид бүтээлээ 10-50 хувиар хямдруулан худалдаалж, уншигчдыг баярлуулдаг. Мөн зохиолчийн гарын үсэгтэй худалдаа, ховор номын худалдаа, уншигч зохиолчийн уулзалт, номын нээлт, сугалаат худалдаа зэрэг номын эргэн тойронд олон сайхан арга хэмжээ болдог. Мөн номын ертөнцийн сонин сайхан, ном унших гайхамшгийн талаарх өгүүлсэн алдартай хүмүүсийн ярилцлага, нийтлэлүүдийг багтаасан “Ном бол….” сэтгүүл энэ баярыг үеэр уншигчдын гарт үнэгүй хүрч байгаа юм.

Энэ жилийн номын баярын нэг онцлог нь Монголд сэтгүүл зүй үүсч, хөгжсөний 100 жилийн ойд зориулан сэтгүүлчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг дэлгэн тавьсан бөгөөд сэтгүүлчид номын баярын хойморт заларчээ. Сэтгүүлчид дан сэтгүүл зүйн бүтээлүүдээс гадна олон төрлийн ном бичдэг гэдгийг энэ удаад дэлгэн харуулахыг зорьжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж