![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/b6af1b6251b74be8/b86f14c3e5f663d1original.jpg)
Гишүүн С.Баярцогт уг төслийг хэлэлцэх шаардлагагүй, санхүүгийн жилийн дундуур орж ирсэн татвартай холбоотой хуулийн төсөл дараа жилээс хэрэгжих тул яарах шаардлагагүй. Нөгөө талаас улстөржсөн асуудал болно. МАН зүүн төвийн нам тул улс төр хийж байна. Хэлэлцэх шаардлагагүй. Монгол Улс 2007 онд татварын том реформ хийж бүх татвараа 10 хувь болгосон. Нийт 65 мянган аж ахуйн нэгжээс 14 мянга нь НӨАТ-ын 66 хувийг төлж байна. Одоо 50 сая хүртэл, түүнээс дээш гэж дахин хоёр шатлалтай татвартай болгох гэж буй нь буруу. Ингэж болохгүй гэлээ.
Харин гишүүн Д.Дамба-Очир жижиг, дунд үйлвэрийг төрөөс дэмжинэ гээд олигтой юм хийгээгүй. Түүнийг тусад нь авч үзэж, шийдье. Ажлын байрны асуудал ч байна. Хэлэлцье гэсэн бол гишүүн Д.Загджав татварт дандаа өөрчлөлт оруулаад байх хэрэггүй тул хэлэлцэх шаардлагагүй гэсэн юм. Ингээд санал хураалтаар гишүүдийн санал тэнцсэн тул уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Үүний дараа Цахим үнэмлэхийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх талаар хэлэлцэж чөлөөлөх хугацааг дахин хагас жилээр сунгахыг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Уг нь зургадугаар сарын 30 хүртэл чөлөөлөөд байсан ч үнэмлэх хэвлэх хугацаа хойшилсон тул он дуустал чөлөөлөхөөр болж байгаа юм.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Иргэний бүртгэлийг хэт төвлөрүүлснээс бүртгэлийн зах бий болоод байжээ. Иргэд дараалалд зогсч барааны зах шиг болсон. Иймээс төвлөрлийг задалж эд хөрөнгө, гадаадад зорчих эрхийн бүртгэлийг дүүргүүдэд шилжүүллээ. Хэт бөөгнөрлийг задалж онлайнаар харилцдаг болох гэж байна. Мянганы хөгжлийн сангийн өөр нэг төслөөр үүнийг хэрэгжүүлнэ. Ингэвэл бүх зүйл цахим болно. Аюулгүй байдал ч найдвартай болно. Бүх архив нэг газар төвлөрч байсан нь аюултай байсан. Шатвал 1990 оноос хойших бүх бүртгэл устах байсан” гэсэн тайлбар хийлээ.