Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 271 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 1220 иргэн, 89 автомашин, техник хэрэгсэл ажиллаж байна.
ЦУОШГ-ын харьяа “Хурын шим” төвөөс тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түймрийн голомтуудыг унтраах зорилгоор Архангай аймгийн Булган сумын нутагт гурав, Хөвсгөл аймгийн Чандмана-Өндөр сумын нутагт гурав, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумдын нутагт 15, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт гурав, Өвөрхангайн Хархорин сумын нутагт хоёр, нийт 26 пуужин харважээ. Үүний үр дүнд дээрх аймгуудын нутгаар 17 мм хүртэл хур тунадас орлоо. Хамгийн их нь Дорноговийн Хатанбулагт 17мм, Хөвсгөлд 10мм, Замын-Үүдэд 16мм, Улаанбадрахад 8мм, Архангайн Булганд 7мм тунадас унасан байна.
Мөн түймрийн голомттой Хөвсгөлийн Хатгал сумын Сагсагийн даваа гэдэг газар хоёр пуужин, Булган аймгийн Бугат сумын Хүрэн шандын булаг гэх газарт гурван пуужин харвав.
Түүнчлэн, газар тариалангийн бүс нутагт хур тунадас оруулах зорилгоор Дорнод аймгийн Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлж, 4мм хүртэл бороо орууллаа гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.