“Эрчим хүчний салбарт хувийн оролцоо чухал”

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

“Эрчим хүчний салбарт хувийн оролцоо чухал”

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Монголын эрчим хүч-2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зохион байгуулж байна. Чуулга уулзалт өнөөдөр, маргааш хоёр өдөр “Чингис” зочид буудалд үргэлжлэх ба Азийн хөгжлийн банк, Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Жайка”, “Койка”, Европын сэргээн босголтын банк болон “MCS интернэйшнл”, “Нью Ком” групп зэрэг гадаад, дотоодын 90 гаруй төрийн болон төрийн бус компанийн төлөөлөл оролцож байна. Чуулганы үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт улсын бүтээн байгуулалтын үндэс суурийг дэд бүтэц болсон эрчим хүч, дулааны асуудал гэдгийг онцлон тэмдэглээд, энэ хүрээнд гадаад, дотоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг дурдаж байлаа.

Чуулга уулзалтын зорилгыг энэ салбар дахь хөрөнгө оруулалт болон хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг танилцуулах, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гарцыг нэмэгдүүлэх хэмээн онцолж байгаа.

Эрчим хүчний эх үүсвэрийн талаар ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын орлогч дарга Д.Пүрэвбаяраас тодрууллаа.

-Сүүлийн үед эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ямар хандлагатай байна вэ?

-Ер нь цахилгаан станцууд дан улсын хөрөнгөөр байгуулагдсан байдаг. Үндсэндээ төрийн станцууд байна. Харин хамгийн сүүлд Төв аймгийн Салхитын 50мвт цахилгаан эрчим хүчний худалдах, худалдан авах гэрээ баталгаажлаа.  Ингэснээр удалгүй барилга угсралтын ажилдаа орох болж байна. Энэ нь анхны хувийн хэвшлийн станц болж байгаа юм.

-Нийслэлд эрчим хүчний дараагийн эх үүсвэрийг байгуулах ажил ямар шатанд байна вэ?

– 450 мвт-ын хүчин чадалтай, нийслэлийн шинэ эх үүсвэрийг гуравдугаар цахилгаан станцын байранд барихаар төлөвлөж байгаа. Одоогоор Төрийн өмчийн хороонд станц байгуулах асуудал шалгаруулалтын шатанд явж байна. 2016 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөө бий.

-Энэ салбар дахь хөрөнгө оруулалтын тухайд?

– Тухайлбал, эрчим хүчний тав дахь эх үүсвэр, Ногоон голын цахилгаан станцын асуудал, Оюутолгой, Тавантолгой, Чойбалсангийн дулааны цахилгааны станц, гадаадын хамтарсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хангалттай хөрөнгө оруулалт орж ирж байна. Одоогоор зөвхөн төслийн хүрээнд байгаа боловч ойрын үед тодорхой хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой.

-Эрчим хүчний салбарын өрийн асуудал их анхаарал татдаг. Энэ тухайд?

-Дулааны цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд 2000 он гэхэд  25 тэрбум орчмын өртэй байсан бол өдгөө таван тэрбум төгрөгөөр буурсан дүн бий.

“Prophecy coal” корпорацийн Ерөнхийлөгч Жон Ли:

 -Монгол Улсын эрчим хүчний салбарын зохицуулалтыг хэрхэн харж байна вэ?

-Монголын Засгийн газрын хувьд эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах сайн хандлага харагдаж байна. Мөн сүүлийн үед хуулийн нөхцөл уян хатан болох тал ч ажиглагдаж байна. Ер нь аливаа улс  эрчим хүчний станцуудаа хувийн хэвшлийн мэдэлд бус төрийн мэдэлдээ байлгахыг эрмэлздэг. Харин Монголд энэ хандлага өөрчлөгдөх тал харагдаж байгаа нь сайшаалтай.

-Гадаадын орнуудад эрчим хүчний станцыг аль статуст байлгадаг бол? 

-Канадад гэхэд хувийн эрчим хүчний станцууд байдаг. Тэд нь эрчим хүчний борлуулагч компаниудтай хамтран ажилласнаар хувийн хэвшил төрийн үйл хэрэгт тэгшээр оролцох гарц нь болж өгдөг юм. Хувийн станцуудыг барьсан туршлагатай орнууд гэвэл Сингапур, Малайз, Индионез зэргийг нэрлэж болно.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж