Дайны тухай үнэнийг ярихаас ичих хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Дайны тухай үнэнийг ярихаас ичих хэрэггүй

Ялалтын баярын 65 жилийн ойн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Известия” сонины ерөнхий эрхлэгч Виталий Абрамовт ярилцлага өгчээ. Тэр ярилцлагын хэсгээс та бүхэнд танилцуулья.
-Хүндэт Дмитрий Анатольевич! Дайнд нэрвэгдээгүй гэр бүл гэж байхгүй хэмээн өмнөх жилүүдэд ярь­даг байлаа. Агуу эх орны дайн Таны гэр бүлд ямар ул мөр үлээсэн бэ?

-Энэ их зөв үг гэж би  бодож байна. Чимэг ч юм уу үгийн гайхуулалт биш. Дайн үнэн хэрэгтээ зөвлөлтийн гэр бүлүүдийг ямар нэгэн хэмжээгээр дайрсан юм. Маш олон тооны хүмүүс ойр дотны хүнээ алдсан ба хэн нэг нь манай орны тэр үед амссан  тэр  ээдрээг туулсан билээ. Эхийн талаас ч эцгийн талаас ч миний хамаатнууд мөн л дайнд нэрвэгдсэн байлаа. Миний хоёр өвөө (Афанасий Фёдорович эцгийн талын, Вениамин Сергеевич эхийн талын) хоёулаа дайны үеийн шалгуураар дамжсан хүмүүс. Хүүхэд байхдаа Краснодарт Афанасий өвөө дээр очиход тэр надад дайны тухай ярьж өгдөг байв. Нүдэндээ нулимстайгаар үнэн сэтгэлээсээ ярина. Тэр үед бичигдэж байгаагүй зүйлийг ч хэлнэ. Тэр бүгд нь надад хүчтэй сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэрээр олон газар байлдаж, хүнд цохилтод өрсөн, янз бүрийн одон медалиар шагнагдсан  хүн байв. Түүний яриаг би биеэр мэдэрч байсан учир яриа нь сэтгэлийг минь эзэмджээ.
Вениамин өвөө ч дайны тухай их ярьж, ямар сэтгэмжтэй байснаа хэлдэг байлаа. Хүн буудахад ямар хүнд, тэр нь ямар мэдрэмжийг төрүүлдэг байсан, харийн түрэмгийлэгчдээс, манай нутагт довтолсон, манай хүмүүсийг хөнөөж, орон гэрийг маань шатаагчаас эх орноо хамгаалж байгаагаа мэдэрч байсан ч тийм  үйлдэл хийхэд бэрхтэй гэж өгүүлснийг нь би өнөөг хүртэл санаж явна. Энэ хувь хүний амин бодлыг би залуудаа төдийлөн анзаарч байсангүй. Нас ахих тутам дайсантайгаа нүүр тулсан тэргүүн шугам гэдгийг ойлгох юм.
Миний төрөл төрөгсөд нүүлгэн шилжүүлэлтэд орсон байлаа. Ээж маань балчир, эмээгийн хамт Тажикстанд ирсэн байв. Өвөө нар маань фронтод тулалдаж байлаа. Энэ тухай дурсамж биднийг тавдугаар сарын 9-ний баярыг тэмдэглэх үеэр онцгой мэдэгддэг байжээ. Жишээлбэл би арван настайдаа 1975 онд дайн дууссаны 30 жилийн ойг тэмдэглэж байсныг санаж байна. Ахмад дайчид одон медалиа зүүгээд бүгд их аз жаргалтай явцгааж байлаа. Хөгжим дуугараад л бүгд тэврэлдээд л, тэд маш олуулаа байжээ. Ялалтын хөшөө, Пискаревын дурсгалын оршуулгын газар гээд л хаана л очино ахмад дайчдаар дүүрсэн, баярын уур амьсгал буцалж байлаа. Би үүнийг насан туршдаа санаж авсан юм.

-Та дайнаас хойш 20 жилийн дараа төржээ. Тэгэхлээр дайн бол Таны хувьд түүхийн нэг хэсэг, харин намтар биш. Цаг хугацааны явцад Агуу эх орны дайнд хандах таны хандлага хэрхэн өөрчлөгдөв? Хэн, хэрхэн үүнд нөлөөлсөн бэ?

-Тэр нь ямар нэгэн эрс өөрчлөлт биш байсныг та мэдэж байна уу. Суурь нь өмнөхөөрөө үлдсэн юм. Манай орны хувьд Агуу эх орны дайн гэж юу вэ? Энэ бол үхэл зовлон дагуулсан булаан эзлэгчдийн асар их хүчний довтолгоо. Хичнээн ч хугацаа өнгөрсөн үүнд нэмэх хасах зүйл огт үгүй. Би дайнаас хойш төрсөн гэсэн ч, ном, хэвлэл кино, ахмадуудын ярианаас дайныг мэддэг өнөөгийн үеийнхэнд ч манай орны хүмүүст ч тэр нь тодорхой. Тиймээс дайн гэдэг нь түүхийн хэсэг  гэсэн хэдий ч саяхан болж өнгөрсөн түүхийн хэсэг нь бас мөн гэдэгт би итгэлтэй байна. Тэгж ч бодож байгаа. Ямар нэгэн үйл явдлыг ингэж, тэгж явагдах байсан  гэж  маргаж болох л юм. Агуу эх орны дайны амьд гэрч болох асар олон хүн байгаа цагт л тэр сэтгэгдлийн талаар  бодож сэтгэх нь зүйн хэрэг. Энэ хоёр гурван жилийн өмнөх даяарчлалын сүйрэл, дайн тулаантай зүйрлэх зүйл биш. Тиймээс л тэр үеийн үйл явдалд хандах миний хандлага эрс өөрчлөгдөөгүй юм.
Мэдээж, дайнаас хойших Зөвлөлтийн үүрэг ролийг хэн ч бишрэл болгоогүй. Гэхдээ алуурчдыг хохирогч гэж яагаад ч нэрлэж болохгүй. Улаан армийн ролийг фашист булаан эзлэгчдийн рольтой зэрэгцүүлж байгаа  хүмүүс ёс зүйн гэмт хэрэг үйлдэж байгаа юм. Олон материал баримтууд наяад оны сүүлчээс, өмнө нь мартагдсан архивын баримтуудыг нийлэх болсон цагаас нийтэд ил тод болов. Хангалттай урт хугацаанд дайныг Зөвлөлтийн ард түмэн ба Улаан армийн агуу гавъяа, ялалт гэж өргөмжилж иржээ. Гэхдээ дайн гэдэг нь Зөвлөлтийн ард түмэн Европын бусад орнуудын хамт амссан асар их гачигдал, хохирол юм. Магадгүй энэ хэсэгт ямар нэгэн хэмжээгээр өөрчлөлт гарсан болов уу.

-Та тусгай комисс байгуулан түүхийг гуйвуулахтай тэмцэхээр зарласан нь саяхан. Түүхийг гуйвуулсан ямар баримт үүнийг хийхэд чинь түлхэц болов оо?

-Өөрийн өчүүхэн хорлонтой зорилгоо биелүүлэхийн тулд, улс төрийн ашиг хонжоо олохын тулд шинжлэх ухааны тоглоомыг ашиглаж байгаа зарим улстөрчдийн бүдүүлэг авир гэх үү дээ. Тодорхой хүмүүст хариу барихад хэргийн гол нь байгаа биш. Бурхан тэднийг шүүнэ биз. Бид ямар дурсамж үлдээнэ вэ, манай хүүхдүүд, бидний ач нар дайны тухай, энэ дайны сургамжийн талаар юу мэдэх ёстой вэ гэдэгт л асуудал байгаа юм. Та бидний үе, арай жаахан залуу үеийнхний хувьд “фашист”, “нацист” гэсэн үг сөрөг утгаар тогтчихсон байгаа. Харамсалтай нь одоо тийм биш болоод байна. Европт, олон оронд фашистуудыг цагаатгаж байна. Манай улсад зарим нэг муухай амьтад нацист бэлгэдлийг ашиглан бүлэг цуглаан, уриа лоозон гаргахаар оролдож байна. Энэ бол баяр хөөр биш. Бид хүмүүст үнэнийг хүргэх нь л гол зүйл юм.
Манай ард түмэнд сонголт байсангүй. Тэр үед манай оронд амьдарч байсан хүмүүс амиа алдах эсвэл боол болох ёстой байлаа. Гурав дахь зүйл байхгүй. Энэ бол нэг дэх хөдлөшгүй асуудал. Хоёр дугаарт, хэн дайныг эхлүүлж, хэн буруутай вэ гэсэн асуудал байна. Энэ нь бас л харьцангуй харагдах зүйл! Тэр нь Нюренбергийн шүүхийн материалд баталгаатай байгаагаас гадна үй олон хүний ой ухаанд бий. Түүхэн баримтыг гуйвуулахаар оролдох нь хорон санаа мэт харагдаад байгаа юм.
Бид үнэнийг хүргэх ёстой. Тэр нь дайны үеийн үйл явдлыг янз бүрийн хувилбараар авч үзэх эсвэл шинжлэх ухааны янз бүрийн онолтой тэмцэнэ гэсэн үг биш. Асуудлаа гаргаж ирээд, батлах гээд үзэцгээг. Гэхдээ тод томруун байгаа эсвэл олон улсын бичиг баримтад батлагаа нь буй, баталгаа шаардаад байхгүй тийм баримтууд байна. Би энд Нюренбергийн шүүхийн баримтуудыг онцолж байгаа. Эдгээр асуудлаар бол маргаан байхгүй. Маргаан гаргалаа гэхэд тэр нь маш муу чиглэлийнх. Хэрэв ажил дууслаа гэж бид тооцох цаг ирвэл комисс ажиллахгүй…

-Дайнд амссан Зөвлөлтийн хохирлын тоо нэг биш удаа өөрч­лөгдлөө. Сталины үед 14 сая, Хрущев, Брежневийн үед 20 сая, Горбачевын үед 27 сая хүний хохиролтой гэж байв. Энэ гунигтай ста­тис­­тик хэзээ бүрэн болж төгсөх вэ?

-Энэ маш хүнд сэдэв. “Чөлөөлөлт” киноны төгсгөлд гүйдэг мөрөөр хэн хичнээн хохирол амссаныг гаргаж байсныг сайн санаж байна. Аймшигтай тоо. Сүүлд нь Зөвлөлтийн хохирлын тоо гарч “Зөвлөлтийн 20 гаруй сая хүн үрэгдлээ”  гэж бичсэн байлаа. 14, 20, 27 сая гэдэг нь асар их бөгөөд эцсийнх биш тоо. Бид энэ ажлыг дуустал нь хийх ёстой. Асуудал юунд байна вэ? Ямар хохирлын талаар яриа явж буйг тогтоох ёстой. Фронтод амь үрэгдсэн дайны шууд хохирол байна. Шархны улмаас дайны үеэр болон дайны дараа үрэгдсэн хохирол бий, олзонд үрэгдэгсэд байгаа. Бөмбөгдөлт ба эзлэлтийн улмаас үрэгдэгсэд ч байна. Энэ бүгд нь маш нарийн ажиллагааг шаардана. Одоо архивууд нээлттэй, энд асуудал байхгүй. Ийм ажлыг жанжин штаб удирдан хийж байгаа. Ажлыг гүйцээнэ гэдэгт би найдаж байна. Харин бид түүнийг маш нямбай хийх хэрэгтэй юм.

Ш.Мягмарсамбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж