Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 орчмыг төвлөрсөн дулаан хангамжид холбох төслийг өнөөдөр эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар сан хамтран хэрэгжүүлэх энэ ажил 9 дүгээр сарын 15 гэхэд дуусч халаалтын уурын зуухтай, халуун усанд ч бараг орж чаддаггүй байсан айл өрхүүд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс хийж буй энэ ажлын хүрээнд УС-15 орчмын халаалтын зуухуудыг зогсоож, 600 айлын орон сууц, 2 их дээд сургууль, 1200 оюутны дотуур байр, 2 цэцэрлэг, 2 эмнэлэг, 11 жилийн 2 дунд сургууль, 500 хүүхдийн халамжийн төв, Хилийн цэргийн 0164 дүгээр анги зэрэг газрууд төвийн нэгдсэн халаалттай болно. Зарим жилд халаалтын зуухнуудын доголдлоос хөлдөхөд хүрдэг байсан энэ орчмыг төвийн халаалттай болгосноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй, энэ орчмын иргэдийн газар үнэд орж, иргэд зээл авч, тохилог амины орон сууц барин тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр энд хэлсэн үгэндээ онцолсон юм. Ажиллах, амьдрах нөхцлийг нь сайжруулах чухал ажил эхлүүлж байгаад энэ орчмын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынхан нэн талархалтай байна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn