Дэлбэрэлт болсон байрыг 250 саяар засварлана

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлт болсон байрыг 250 саяар засварлана

Дархан-Уул аймгийн Дархан хотын Шинэ хорооллын 14-р байрны зургаа, долоо, наймдугаар давхрыг сэргээн босгох, бэхэлгээ хийж хүчитгэх, засварлах ажил өрнөж байна. Хугацаа алдахгүй байх үүднээс тендер зарлахгүйгээр гүйцэтгэгч компанийг сонгоход “Чуулгант” компани хийж гүйцэтгэхээр шалгарчээ. Харин туслан гүйцэтгэгч компаниар “Хаш цамхаг” компани ажиллаж байна.

Өнөөдрийн (05.15) байдлаар “Дашваанжил” компанийн газ дэлбэрсэн долдугаар давхрын айлын ханыг нурааж, хүчитгэх ажлыг хийж дуусаад, түр завсарлаад байна. 6-8 дугаар давхрын  ханыг буулгаж дахин хана цутгаж, хүчитгэх ажлууд хийгдэж эхэлжээ. 14 дүгээр байрны орц болон айлуудын засвар зэрэгт эхний ээлжинд 100 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн бол нийт зардал 250 сая төгрөг орчим болох тооцоог гаргаад байгаа. Аймгийн удирдлага дангаараа энэ хөрөнгийг гаргах боломжгүй учраас улсын онцгой комисст асуудлыг тавина гэдгээ хэлж байна. Сэргээн босголтын ажилд хугацаа шаардлагатай. Зөвхөн одоо хийгээд байгаа долоон давхрын цутгалтын ажлыг энэ хэвээр нь хөдөлгөөнгүй хоёр долоо хоног байлгана.  Засвар, сэргээн босголтын ажил яг хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа хэдий ч аль болох түргэн хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж буй ажээ.

М.ДЭЛГЭРЖАРГАЛ (Дархан-Уул)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж