Монголын агаарын тээврийн “Mongolian Аirlines Group” дэлхийн зах зээлд тэргүүлэгч байр суурь бүхий “Amadeus” системийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж буй ажээ. Тавдугаар сарын 15-наас эхлэн энэ системийг ашиглах болсноор үйлчлүүлэгч дэлхийн аль ч орноос онгоцны нислэгийн билет, суудлаа онлайнаар захиалах боломжтой болох гэнэ. Улмаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нислэгийн компанийн үйл ажиллагааны жишигт хүрч ажиллах боломжтой болж байгаа юм. “Amadeus” системийг ирэх хоёр сарын хугацаанд бүрэн нэвтрүүлж, үйл ажиллагаа нь жигдрэх гэнэ.
Түүнчлэн “Mongolian Airlines Group” ирэх зургадугаар сараас эхлэн олон улсын нислэгээ эхлүүлэх гэж буй тухай өнөөдөр тус компаниас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Эхний ээлжинд Хонконг, Бээжин, Шанхай зэрэг хотууд руу нислэг үйлдэх гэнэ.
Э.САРАА