Тэмээний үс засал – супер стайлинг

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Тэмээний үс засал – супер стайлинг

Чамин үс засалт, төгс стайлинг… Мастер үсчний урлаг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй ээ. Жинхэнэ “засдаг ч хусдаг ч” мэргэжилтнүүдтэй зөвхөн тансаг салонуудад биш энэтхэгийн цөлд ч тааралдаж болдог юм байна!!! Эндхийн Биканер хотод дэлхийн хамгийн гайхамшигт наадмын нэг Bikaner Camel Festival болдог бөгөөд энд мастерууд ердийн хайчаар тэмээний үс ноосонд толгой эргэм стайлинг хийдэг юм.

Ражастан мужийн Биканер хот нь Энэтхэгт цорын ганц тэмээ үржүүлгийн фермтэйгээрээ алдартай. Тиймээс элсэн цөлийн хөлөг онгоцонд зориулсан наадам чухам энд болох нь зүйн хэрэг билээ. Нэгдүгээр сарын хоёр өдрийн туршид энд тэмээний үүлдэр сайжруулагч шилдэг мэргэжилтнүүд, дэлхийн өнцөг булан бүрийн жуулчид ирж гайхамшгийн дээд болсон шоуг сонирхдог.

Наадмын үеэр тэмээний уралдаан, тэмээний үсчин-ноосчдын тэмцээн зэрэг олон арга хэмжээ болдгоос хамгийн охь манлай нь мөнөөх л амьтдын оролцох Гоо сайхны тэмцээн юм.

Тэмээний арьсан дээр хайчаар үндэсний хээ угалз урлах мастерууд тэмээг жинхэнэ урлагийн бүтээл болгодог. Харин гоо сайхны тэмцээнд бол тэмээнд янз бүрийн чимэг зүүж, тэр бүү хэл, шүүгчдийн анхаарлыг татахын тулд будаж шунхддаг гэж байгаа!

Биканер бол цөлийн яг өр зүрхэнд байрласан гайхалтай хот юм. Энд автомашин дэлгэрээд удаагүй учраас нутгийн ардууд он удаан жил тээврийн ганц хэрэгсэл болсон тэмээтэйгээ амин холбоотой явж иржээ. Тэгээд л өнөөдөр тэсвэр хатуужил, хүч чадал, гоо сайхны төгс бэлгэдэл болсон, нэр нь хүртэл “тийм ээ” гэх энэ амьтныг тэд хүндлэн дээдэлдэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж