Гадаад дахь монголчууд санал өгөхөд бэрхшээл үүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд санал өгөхөд бэрхшээл үүсчээ

УИХ-ын
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гадаад дахь
монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахад аль болох зардал чирэгдэл
гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх
боломожоор хангах тухай асуудлыг хөндөн ярьсан ч эцсийн шийдлийг гаргаж
чадсангүй.

Гадаад дахь монголчуудын саналыг авах хүрээнд Гадаад
харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран журам баталсан юм. Гэвч
уг журамд гадаадад амьдарч байгаа монгол иргэн нь УИХ-ын сонгуульд
оролцохын тулд тухайн орон дахь Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн
очиж сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Хэрвээ шинэчилсэн
бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэнэ. Дараа нь  УИХ-ын
сонгуульд оролцохоор саналаа өгөхийн тулд ирэх зургадугаар сарын 10-нд
дахин Дипломат төлөөлөгчийн газраа хүрэлцэн очиж сонгуульд саналаа
өгөхөөр заагаад байна. Гэтэл АНУ-д гэхэд Монгол Улсыг төлөөлсөн Дипломат
төлөөлөгчийн газар ердөө хоёр хотод л байдаг аж. Нэг нь Сан-Франциско,
нөгөө нь Вашингтон. Тэгтэл Нью-Иорк, Чикаго зэрэг хотод монголчууд
олноороо амьдардаг, тэдгээр иргэд сонгуульд оролцохын тулд эхлээд
бүртгүүлнэ, дараа нь саналаа өгнө гэж дахин Дипломат төлөөлөгчийн газраа
ирнэ. Асар том нутаг дэвсгэртэй АНУ-д автомашинаар явна гэвэл цаг
алдана, тиймээс онгоцоор нисэхээс аргагүй. Энэ тохиолдлыг бодохоор
монгол иргэд онгоцоор хоёр дахин нисэх шаардлага бий болжээ. Ийм
бэрхшээл зөвхөн АНУ-д амьдарч байгаа монголчуудад тохиолдоод буй юм биш,
Англи зэрэг улсаас эхлээд нэлээд хэдэн улсыг нэрлэж болох юм байна.

Гэтэл
холбогдох байгууллагууд эл асуудлыг бодолцож үзэлгүй журмаа баталсан нь
гадаад дахь монголчуудаас нэлээд шүүмжлэл хүлээж буй юм байна. Тиймээс
УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооноос
“Гадаад дахь монголчууд нь УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн өмнө
бүртгэлд хамрагдахдаа заавал биеэр Дипломат төлөөлөгчийн газраа очих
шаардлагагүй. Утас, факс, майл хаяг зэргийг ашиглан сонгуульд оролцох
бүртгэлээ хийлгэх боломжтойн зэрэгцээ шинэчилсэн бүртгэлээ хийлгүүлж,
УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн
очиж болох юм” гэсэн саналыг оруулж ирсэн юм. Гэвч эл асуудлын хүрээнд
УИХ дахь хоёр намын бүлгийн төвшинд нэлээд мэтгэлцээн үүсэв.

УИХ
дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Нэгэнтээ Сонгуулийн ерөнхий хороо,
Гадаад харилцааны яам Сонгуулийн тухай хуульд заасан заалтын дагуу
журмаа баталчихсан байхад, дахиад өөрчлөх нь тогтворгүй байдал үүсгэнэ.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсад амьдарч байгаа иргэн, гадаад улсад амьдарч
байгаа иргэн хоёрын дунд хоёр өөр харилцаа үүсч байна. Одоо монголдоо
амьдарч буй иргэдийн хувьд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдая гэхэд хаягийн
шилжүүлэлт хийхийг зогсоосноос болж сонгууль өгөх боломжгүй болчихоод
байна. Гэтэл гадаадад амьдарч байгаа монгол иргэдийг утас, факс зэргийг
ашиглан шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж болно” гэж өөрчлөх нь хуулиа
зөрчсөн хэрэг болно. Тиймээс дээрх журмыг өөрчлөх шаардлага байхгүй” гэж
мэдэгдэж байлаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд
“Харь нутагт байгаа монголчуудаа сонгуульд оролцуулахын тулд ядаж нэг л
удаа онгоцоор нисээд саналаа өгөх тэр бололцоог хуулийн хүрээнд олгох
ёстой. Тэд бол энд амьдарч байгаа монголчууд шиг нэг дүүргээс нөгөө
дүүрэг рүү очих гэж байгаа хэрэг биш. Хувиасаа зардлаа гаргаж саналаа
өгнө. Тиймээс зөвхөн сонгууль өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа
биечлэн очиж, саналаа өгөхөөр чирэгдэл багатай болгох ёстой” гэсэн байр
суурийг илэрхийлсэн юм. Ямартай ч, албан мэдээллээр бол гадаадад амьдарч
буй монгол иргэдийн тоо 112862 гэж гараад байна, тэднээс шинэчилсэн
бүртгэлдээ хамрагдсан нь 27735 аж. Шинэчилсэн бүртгэлд гадаад дахь
монголчууд энэ сарыг дуустал хамрагдахаар зааж өгсөн, тиймээс дээрх тоо
өснө гэж холбогдох албаныхан мэдэгдэж буй юм.

Харин гадаад дахь
монголчууд УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн тулд хоёр удаа Дипломат
төлөөлөгчийн газраа очих уу, эсвэл нэг удаа юу гэдгийг журам баталсан
Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо дахин хэлэлцэхээр болж,
энэ удаагийн байнгын хорооны хуралдаан дууслаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж