АОХН-ийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал уулзалтын үеэр АОХН-ийн дарга улсын хувиар Монгол Улсын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Улаанбаатар хотноо 2013 онд болох АОХН-ийн Сайд нарын уулзалтаас өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, мөн АОХН-г шинэчлэх явц байдлын талаар НҮБ-ын Ардчиллын бүлэгт мэдээлэл хийж, санал бодлоо солилцов. Манай улс ардчиллын боловсролын асуудлаар энэ оны 5 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах олон улсын семинарыг түшиглэн ардчиллын боловсролын асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, энэ оны хоёрдугаар хагаст НҮБ-ын Ерөнхий Ассаблейн 67 дугаар чуулганд оруулахыг ТҮГЭС С.Бадрал мэдэгдэв. Мөн ардчиллын боловсролын сэдвээр Энэтхэг улстай хамтран энэ оны 12 дугаар сард бүс нутгийн бага хурал зохион байгуулахаар ажиллаж байгааг дурдлаа.
Түүнчлэн АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ албан тушаалд томилогдсон Элчин сайд Мариа Лейсснерийг уулзалтын үеэр албан ёсоор танилцууллаа. М.Лейсснер бүрэн эрхийн хугацаандаа хийж гүйцэтгэх ажлын талаар ярив.
Уулзалтын үеэр Австрали, Бенин, БНСУ, Итали, Литва, Нигери, Польш, Румын, Унгар, Чили, Эстони, Япон улс, мөн олон улсын байгууллагын төлөөлөгчид үг хэлэв. Тэд АОХН-ийн хүрээнд болон бусад чиглэлээр ардчиллыг хөхиүлэн дэмжих талаар авч буй арга хэмжээгээ танилцуулж, Монгол Улсын хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхэр төлөвлөж буй үйл ажиллагааг сайшаан дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр болох Хууль дээдлэх ёсны асуудлаарх өндөр түвшний уулзалтад АОХН идэвхтэй оролцохыг зарим улсын төлөөлөгч уриалав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.