Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хатуу бодлогыг “тахин шүтэж” байсан европчууд эдийн засгийн өсөлт рүү гэнэт урвасан байна. Мөнгөний хатуу бодлого баримталж байсан Грек улсын эрх баригч нам Парламентын сонгуулиар татан буугдав. Францчууд  харин социалист намаас нэр дэвшсэн Франсуа Олландыг сонгосон нь 17 жилийн дараа тус намын гишүүн засгийн эрхэнд гарсан хэрэг болжээ. Ийнхүү евро бүсийн жишгийг даган Франц болон Грек хатуу бодлогыг хатуу тэмцлээр хаах болсноо мэдэгдлээ.

Европын бэл бэнчин хэр байгаагаас хамааран Америк баяждаг аж. Учир нь, тэднийг хөрөнгө оруулалт, дэлхийн хөрөнгийн зах зээлийг ноёрхдог гэхэд хилсдэхгүй. АНУ-ын экспортын 20 хувь нь энэ тив рүү чиглэдэг бөгөөд гадаад худалдааны зах зээлд зүү орох зайгүй түншүүд юм. Тиймээс нэг нь халуурахад нөгөө нь бүлээрч эхэлдэг нь хорвоогийн жам мэт болжээ. Гэвч Европ тивийн эдийн засгийн хямрал Америкийн экспортод нөлөөлөх нь дамжиггүй. Хямралтай тэмцэх гэж толгойгоо гашилгаж яваа Европын Засгийн газрууд дорвитой шийдвэрт хүрэхгүй байгаа нь Америкийн хөрөнгө оруулалтыг царцааж байгаа юм.

Социалист намын тэргүүн Франсуа Олландын ялалт мөн Грект өрнөсөн улс төрийн эсэргүүцэл дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй цохилт үзүүлсэн. Нөөц сан бүрдүүлэхээр чармайж буй бүсийн банкууд улам сэрэмжтэй байх шаардлагатай тулгарсан. Нидерландын Вант улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжиж байсан боловч улсынхаа төсвийг баталж чадаагүйн улмаас огцорсон. Түүнчлэн Грек евро бүсээс гарна гэх яриа дайран дээр давс нэмсэн хэрэг болоод байгаа. Гэсэн ч энэ байдал түр зуурын аадар бороо болохыг олон улсын эдийн засгийн шинжээчид хэлж байна.

Хямралыг хазаарлах гол арга бол эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмээн томоохон гүрнүүд үзэж байгаа. Ирландаас Итали хүртэл цуурайтах өсөлтийг дэмжих уриалга чихнээс “уях” хонх болсон. Өсөлтийг дэмжих нь чухал ч эдийн засгийн болон улс төрийн тулгамдсан асуудлуудыг дагуулж буйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Грек улс ажилгүйдлийн “хар далайд” живж байна. Испани ч мөн адил. Богино настай хатуу бодлого эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхгүй болохыг Грек улсад өрнөж буй үймээн, Францын Ерөнхийлөгчийн сонгууль гэрчилсэн. Үүний нэг тод жишээ бол Их Британи. Мөнгөний хатуу бодлого тус улсын санхүүгийн хомсдлыг багасах бус улам гааруулсан тухай АНУ-ын Цагаан ордны Худалдааны танхимын орлогч нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кент Хюүс CNN агентлагийн бизнесийн буланд нийтэлсэн дүн шинжилгээндээ онцолжээ.

Хатуу бодлогоос эдийн засгийн өсөлтийг дэмжих эрс өөрчлөлт хийх гэж буй Франц улсыг хөрөнгө оруулагчид нүдлэх нь тодорхой. Хэрэв тус улс татвараа багасгах эсвэл зарлагаа ихэсгэх арга хэмжээ авбал хөрөнгө оруулагчид Францын Засгийн газраас гаргаж буй бондыг өндөр хүүтэй болгохыг шаардах аж. Ингэсэн тохиолдолд Франц зорилго болгож буй эдийн засгийн өсөлтөө дэмжих чадваргүй болох нь ээ. Хөрөнгө оруулагчид ч мөн зарцуулалтын тодорхой мэдээлэл нэхэх нь гарцаагүй. Учир нь, санхүүжүүлж буй салбараасаа хамааран хөрөнгө зарцуулалтын үр дүн өөр байдаг аж. Жишээ нь, дэд бүтэц, техникийн боловсрол болон шинжлэх ухааны судалгаа зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалт татварыг багасгах, ажилгүйдлийн тэтгэвэрт олгох уламжлалт бодлогоос тэс ондоо үр дүн дагуулдаг юм байна.

Франц болон түүний хөрш орнууд шинэ бодлого гаргах гэж хүчээ нэгтгэж байхад бүсийн удааширсан өсөлт дэлхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, тэр дундаа газрын тосны зах зээлийн дарамтыг багасгах аж. Европын хямрал АНУ-ын экспорт, эдийн засгийг хөлдөө чирч байгаа боловч бүсийн улс төрийн тогтворгүй байдал Америкийн худалдаа эрхлэгчдэд ашигтайгаар эргэх магадлал бий гэнэ. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийж буй хөрөнгө оруулагчид сонор, сэрэмжээ алдахгүй байхад хямралын шуурганд өртөхгүй хэмээн эдийн засгийн шинжээчид үзэж байна.

Б.Үүрийнтуяа

Эх сурвалж: http://www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж