Монголын шинжлэх ухааны хүрээнд төдийгүй ард түмний дунд домог мэт яригдах нэгэн бол Базарын Ширэндэв. Монголчууд түүнийг Монголын шинжлэх ухааны томоохон төлөөлөгч, төр нийгмийн нэртэй зүтгэлтэн гэж л ойлгодог, одоо ч бас тэгж гадарладаг. Харин тийн хэлүүлэхийн учир юунд оршихыг нарийн мэдэхгүй байх явдал ихссээр байна.
Миний бие түүний Монголын шинжлэх ухаанд гүйцэтгэсэн үүргийг мэндэлснийх нь түүхт 100 жилийн ойд зориулан товч хэдий ч дурсан бичихийг хүсэв.
Базарын Ширэндэв бүр 1940-өөд оны эхнээс л төр засгийн ажлын зэрэгцээ Шинжлэх Ухааны хүрээлэнгийнхэнтэй нягт холбоотой байж, эрдэм судлалын ажлаа чөлөө гарвал хийж, түүх судлах ажилд, шинэ байгуулагдсан Улсын их сургуулийн ажлыг гардан удирдах үүргийг цэл залуу 30 гаруйхан наснаасаа хашиж эхэлсэн. Ширэндэвийн намтарт хожмын “Шинжлэх ухааны академи” хэмээх эрдмийн өргөөг байгуулж, монгол улсад эрдэм шинжилгээний үндсэн салбарууд, хавсрага ухаан, байгаль, техник, нийгмийн ухааны олон чиглэлүүдийг Монголын хөрсөнд шингээн суулгах, үндэсний чадварлаг боловсон хүчнээр хангахад онцгой гавъяа байгуулсан тухай бичдэгийг бид нэгэнтээ тааруухан боловч мэднэ. Түүний алдар гавъяа, гавъяа шагналыг энэ удаад тоочихыг хүссэнгүй. Гагцхүү Монголд шинжлэх ухааны байгууллагыг хэрхэн удирдаж, эрдмийн ертөнцөд өөрийн мөрийг үлдээсэн алдрыг дурсах нь зүйтэй биз ээ.
Монголд шинжлэх ухааны Академи үүсэн байгуулагдах үүд Б.Ширэндэвтэй хэзээний хувь заяаны холбоотой мэт. Бүр 1945 оны 3 сард Монголын төлөөлөгчид И.Сталинтай уулзах үед тэрбээр хуучин танил Ширэндэвийн сайн сайхны төлөө хундага өргөөд суухдаа: “Монголчуудад гагцхүү сайн морин цэрэг байх нь хангалттай бус, өөрийн эрдэмтэдтэй болох хэрэгтэй, эрдэмтэнгүйгээр улсыг жолоодож болохгүй юм. Бараг бүх улсуудад Шинжлэх Ухааны Академи байна. Танайд ч хэмээсэн зохих цагтаа академитай болох хэрэгтэй. Өөрийн эрдэмтдийг төрүүлэн өсгөх хэрэгтэй” гэж түүнд хандаж хэлж байв. Тухайн үед Б.Ширэндэв Шинжлэх Ухааны хүрээлэнгийнхэнтэй үйл ажиллагааны хувьд төдийгүй эрдмийн хувьд нягт холбоотой ажиллаж байв. 1944 онд тэрээр тус хүрээлэнгийн жинхэнэ гишүүнд 97 хувийн саналаар Бямбын Ренчин нарын хамт сонгогдож, эрдэм шинжилгээ судалгааны асуудал эрхэлсэн хурал зөвлөгөөнд жинхэнэ гишүүний хувиар идэвхтэй оролцон өөрийн санал, дүгнэлтийг хэлж, тодорхой шийдлүүдээр төр засагтай холбох нарийн ажлыг “референт”-ийн хувиар гүйцэтгэж байв. Учир нь Б.Ширэндэв Эрхүүд түүхч мэргэжлээр төгсөж ирсний дараа Х.Чойбалсангийн шийдвэрээр Засгийн газарт боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёл хариуцсан референтээр ажилласан нь нэг талаасаа шинжлэх ухаан боловсролын талаархи бодлого үйл ажиллагааны учрыг ойлгох, нөгөө талаасаа эрдмийн ажилдаа ойр нягт байх боломжоос холдчихоогүй юм. Хэдхэн жилийн дотор Б.Ширэндэв Шинжлэх Ухааны хүрээлэнгийнхэнтэй сайн ойлголцож, эрдмийн орчны нөхцөл байдлыг сайтар дэмжиж, нягт харилцааг үүсгэж чадсан юм. Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлэх, гадаад хамтын ажиллагааг нь төр засгийн хэмжээнд дэмжиж туслах, боловсон хүчнүүдийг бэлтгэн боловсруулах, улс төрийн шуурганд өртсөн ахмад болон залуу эрдэмтдийг эрдмийн ажилд эгүүлэн ажиллуулах, Их дээд сургуульд багшлуулах, түүх, соёлын өвийг устгаж сүйдэхээс хамгаалан төрийн ивээлд авах, эрдэм шинжилгээ судалгааны чанарын түвшинг дээшлүүлэх нөр их ажлыг гүйцэтгэж байв. Цөөн хэдэн жишээг дурдахад, Гэсэр сүмийг нураалгалгүй сэргээн музейн өвөөр хадгалах, эрдэм шинжилгээний ном хэвлэлийн стандарт, арга зүйн чанарыг сайжруулах, залуу боловсон хүчнүүдийг Зөвлөлтийн судалгааны ангиудад дагалдуулан сургах, хуучин цагийн бичгийн мэргэд Л.Дэндэв, Б.Дорж нарын мэдлэгийг ашиглах, Дамдинсүрэн, Ренчин зэрэг залуу эрдэмтдийг шоронгоос суллагдахад тусалж дэмжин, эрдмийн ажил хийх боломжоор нь хангаж, Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн 220 жилийн их түүхт ойд Монгол улсын Шинжлэх Ухааны байгууллагын төлөөлөгчдийг тэргүүлэн явж Москва, Ленинград зэрэг газруудад тэдний шинжлэх ухааны агуу их өв соёлтой танилцаж, туршлага судалсан зэрэг ажлуудыг цухас дурдаж болно.
Тэрээр эрдмийн ажилд цаг заваа гаргаж 1948 онд Шинжлэх Ухааны хүрээлэнд “Баруун хэлбэрэлийн улс төр эдийн засаг” сэдвийг сонгосон боловч өөрийн үндсэн мэргэжил түүхийн чиглэлээр сэдвээ өөрчлөн 1954 онд “Ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэл ба Бүгд Найрамдах Монгол Ард улс байгуулагдсан нь” гэсэн сэдвээр анх удаа түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалав. Үүний зэрэгцээ тэрбээр тухайн үед эхлээд байсан “БНМАУ-ын түүх” нэгэн ботийн ажилд тэргүүлэн оролцжээ. Нэгэн ботийн асуудал бол Монголын эрдэмтэд хүч хамтран улсынхаа түүхийг орчин үеийн онол арга зүйн түвшинд хүргэх гэсэн анхны оролдлого байсан юм. Орчин цагийн эх орны түүх судлалын хоёр дахь том оролдлого болсон энэхүү ботийг эцэс сүүлдээ хамтран зохиосон нэртэй боловч бүхий л ажлын гол ачааг Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Б. Ширэндэв үүрч, маш чадамгайгаар удирдаж богино хугацааны дотор гүйцэтгэсэн хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Эл бүтээл нь үзэл суртал, нэг чиглэлийн онол хүчтэй ноёрхсон үед бичигдсэн хэдий ч хожмын Монгол улсын түүхийн нэгэн боть, гурван боть, таван ботийн нэг тулгуур загвар болж байсныг үгүйсгэх аргагүй. Ерөөс монголын түүхчдийн хамтын хүчийг төвлөрүүлэн гүйцэтгүүлэх ажлууд ихэнхидээ түүний нэртэй бүгд холбогддог. Түүнийг Монголын шинжлэх ухааны академийг тэргүүлж байх үед Монголын түүх судлалын хамгийн дорвитой суурь судалгаанууд системтэй, онол арга зүйн түвшинд хийгдэж байв. Б.Ширэндэв хамтын бүтээлийг туурвихдаа тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч зохицлыг олж байснаас бус үнэн хэрэг дээрээ улсынхаа түүхийг бусадтай хамтран бичих хүсэл бага байжээ. Нэгэн удаагийн хуралд тэрбээр аливаа улсын түүхийг өөр улсын хүн бичих нь зохисгүй түүхээ өөрсдөө бичих нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ бол түүний үндсэн санаа байсан ч цагийн жолооноос хамаарч асуудал түүнийхээр болж байгаагүй талтай. Хэдий тийм авч тэрбээр хагас зуун жилийн турш Монголын түүхчдийн тэргүүн эгнээнд судлаачийнхаа хувьд ч тэр, зохион байгуулагчийнхаа хувьд ч тэр байж чадсан. Тэднийг чадварлаг зохион байгуулж, өөрийн нөлөөг тогтоож чадаж байсан нь мэргэжилдээ чадвартай, бусдын хийснийг өөрөө хийсэн мэт ажилладаг бусад дарга нараас тэс өөр хүн байв.
Б.Ширэндэвийн хувийн захидлуудыг үзвээс дан ганц Зөвлөлтийн түүхч, монгол судлаачид төдийгүй дэлхийн олон орны эрдэмтэн профессорууд түүнтэй санал солилцдог, судалгааны ажилдаа тусламж дэмжлэг хүсдэг, итгэж дотночилдог байжээ. Б.Ширэндэв хүйтэн дайны ханаар эрдмийн харилцаагаа хааж байсангүй. Америкийн нэртэй монголч эрдэмтэн О.Латимор, Японы монголч Шига Озава, Английн Лидсийн Их сургуулийн доктор Онон Өргөнгөө гээд олон олон судлаачид түүний дэмжлэгээр Монгол түүх, соёлын судалгааг хийх боломжоо олж авахын зэрэгцээ түүний шууд удирдлага, санаачилгаар дэлхийн Монголч эрдэмтдийн удаа дараагийн их хурлууд, Төв Азийн соёл иргэншилд нүүдэлчин ардын гүйцэтгэсэн үүрэг олон улсын хурлууд зохион байгуулагдаж чадсан юм. Энэ нь хожим монгол судлал эрчимтэй хөгжихөд, өөр хоорондоо ойлголцоход онцгой чухал алхмууд болжээ. Үүнд тухайн үеийн Монголын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн мэдлэг мэргэжил, ухааны цараа ихээхэн тусыг хүргэсэн нь дамжиггүй. Хэрвээ цагийн тийм хэцүүд хэт үзэл сурталжсан, коммунист дүртэй, шинжлэх ухааны ойлголт ухвар мөчид нэгэн байсан бол дээрх амжилтыг Монгол улс олоход саадтай байх байлаа.
Б.Ширэндэв өөрийн мэргэжлийнхээ зэрэгцээ 1940-өөд оны сүүлээс Монголын шинжлэх ухаанд буй болсон олон шинэ салбарыг өргөжүүлэх ажилд анхаарч Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд төр засгаас олгох дэмжлэгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байв. Үүнтэй холбоотойгоор түүнийг судалгаа шинжилгээний ажлын нөхцөл байдлыг тун сайн ойлгодог нэгэн болж төлөвшихөд Орос эрдэмтэн багш нар нь ихээхэн нөлөө үзүүлснийг дурсамждаа тэмдэглэсэн нь бий.
Өгүүлэн буй үед Монголын шинжлэх ухаанд чухал үр дүнг бий болгоход, түүний дотор Монголын палеонтологийн шинжилгээний ангийн хээрийн судалгааны дүнд монгол орны эрт галавын үеийн олон амьтны яс, чулуужсан ургамал олж бүртгэн, хөдөө аж ахуйд “Орхон үүлдэр”-ийн суурийг тавьж, “бургалтайн сорт” гаргаж, геологийн салбарт “Бороо”-гийн алтны орд, Баянцогтын кальцитийн ордыг нээн, 1953 онд Одон орон судлалыг байгуулах шийдвэр гарч, 1955 онд ШУХ дэргэдээ хэвлэлийн газартай болох зэргээр Шинжлэх ухааны академи болох зорилтоо биелүүлэх ажлын үндсийг тавихад Б.Ширэндэв ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Тэрээр 1957-1960 онд ЗХУ-ын Дорно дахины хүрээлэнд докторт суралцахын зэрэгцээ тус хүрээлэнд албан ёсоор эрдэм шинжилгээний ажил хийж байв. Энэ үедээ ШУА-ийн үйл ажиллагааг сайтар судлах, өөрийн орны онцлог ахуйд хэрхэн тохируулан хөгжүүлэх, зохион байгуулалтын систем, судалгааны үйл ажиллагааг маш анхааралтай ажиглаж байсан нь буцаж ирээд эх орондоо шинжлэх ухааны үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулахад нь ихээхэн тус болжээ. Тиймээс докторын ажлаа амжилттай дуусгаад ирсэн түүнийг Шинжлэх ухаан Дээд Боловсролын хүрээлэнгийн даргаар томилж ажиллуулсан ба төд удалгүй Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөтгөн Шинжлэх Ухааны Академи болгох шийдвэр гарч, анхны ерөнхийлөгчөөр Базарын Ширэндэв томилогдон ажиллах болов. Энэ бол тухайн үедээ хамгийн нүдээ олсон зөв шийдвэр байсныг олон хүний дурсамждаа дурдсан буй. Учир нь Монголын шинжлэх ухааныг төрийн бодлогын хувьд ч, эрдэм судлалын хувьд ч, гадаад дотоод харилцааны нөлөөний хувьд ч түүнээс өөр удирдчих хүн ховор байлаа. Тэр үед Б.Ширэндэв 50 орчим настай, төрийн бодлогод шинжлэх ухааны салбарыг хариуцаж байсан туршлагатай, эрдмийн цолыг бүрэн хүртсэн, эрдэм судлалын хэд хэдэн суурь бүтээлтэй, Улсын Их сургуулийн захирал, Гэгээрлийн сайд, Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэнгийн дарга зэрэг хариуцлагатай ажлуудыг нэр төртэй хашсан “хий” нь гарсан эрдэмтэн болсон үе байв. Түүнийг ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдож ажлаа хүлээн авахад нэрт газарзүйч Э.Мурзаев, Монгол судлаач И.Я.Златкин, БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Го Мо Жо, Финляндын нэрт монголч Аалто Пентти, БНАСАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Кан Ен Чан, ЗХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч академич Келдыш, академич, түүхч Жуков, Н.Майский, археологич Киселёв, БНУАУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Л.Лигети зэрэг олон орны эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллагаас монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгосныг талархан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн итгэж байгаагаа цахилгаан болон захидлаар ирүүлж байв. Ийнхүү орчин цагийн Монгол улсад шинжлэх ухааны академик судалгааны газар байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс Б.Ширэндэв дахиж улс төрийн өөр албан тушаал хашаагүй юм. Түүний нэр монголын орчин цагийн шинжлэх ухааны түүхтэй хувь заяагаа холбох жим нэгэнтээ тогтов.
Б.Ширэндэвийн шинжлэх ухааны академийг удирдах үед 1962 онд Монгол улс Олон улсын түүхчдийн холбоонд гишүүнээр элсэж, “Орхон” сортын улаан буудайг тариалах агротехникийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, Мал эмнэлгийн талаар малын төрөл бүрийн өвчний улирлын динамикийг судалж, тэмцэх арга хэмжээг боловсруулсны дүнд брузеллёзоос урьдчилан сэргийлэх оношлогоог боловсруулж, агаруу цэцгийн цус тогтоох чанарыг шинжлэн нээж клиникийн практикт нэвтрүүлэн жодоо модны давирхайгаас терпентик гэдэг эм гаргаж, хөлдсөн ба түлэнхийн шарх, ялангуяа хүүхдийн арьсны гэмтлийг эмчлэхэд хэрэглэж, “Хараа”, “Бургалтай” сортын улаан буудай, шинэ 2 сортын байцааг бий болгож, Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэн байгуулж, хонь, ямааны сохор, догол өвчин эсэргүүцэх нутгийн омгийн вакцин бэлтгэх арга боловсруулж, чацарганы тосоор зүрхний өвчин эмчлэх аргыг боловсруулж, гов, хээрийн бүсийн гол үслэг ан, цагаан зээрийн биологи, тэдгээрийн тархалт, агналтын байдал, их нуурын хотгорт хамаарагдах нууруудын загас, зарим нутгийн нүүдлийн ба өвөлждөг шувуудад явуулсан судалгааг үндэслэж, дээрх ан амьтан, загас шувуудын дүрсийн бүрэлдэхүүн, тархалт, агнах боломжийг тодорхойлон агнах ашигтай хугацааг тогтоож, цөмийн фотоэмульсийн судалгааг хийн энэ талаар социалист орнуудад их энергийн физикчидтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, газрын соронзон орон, газрын чичирхийллийн судалгааг амжилттай явуулсны зэрэгцээ Хүрэл тогоотын одон орон судлах оргилд нар ажиглах коронграфи дуранг богино хугацаанд угсарч, анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд, эмч нар зүрхний хоёр хавтаст хавхлагын нарийсалд мэс заслын эмчилгээг манай улсын түүхэнд анх удаа амжилттай хийжээ.
Мөн БНМАУ-ын Түүхийн III боть зохиолыг бичиж дуусган, монгол хэлний товч тайлбар толь нийтлүүлж, Философи, социологи, эрх, Ургамал газар тариалан, Эдийн засаг, Физик-химийн хүрээлэнгүүдийг тус тус нэмэн байгуулж, 1968 онд Дорно дахины судлалын хэлтэс байгуулагдаж, “Монголын дорнод хэсгийн ландшафтууд ба байгалийн мужлалт” гэдэг физик-газар зүйн бүтээл бичигдэж, 1972 онд Ж.Цэрэндэлэг Антарктид тивд анх судалгаа хийснээр Монгол улс туйл судлалын 34 дэх орон болж, Эрдэнэт ба Цагаан суваргын зэс боловсруулах үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий тулгуур материалыг боловсруулах ажлыг гүйцэтгэж, БНМАУ-ын иргэн сансарт нисэхтэй холбогдуулан манай эрдэмтэд ЗХУ, социалист бусад орны ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран БНМАУ-ын геологи, биологи, бэлчээр, усны нөөцийг судлах болон сансрын физик, технологи, анагаах ухаан, биологийн туршилтыг явуулах өргөн программыг боловсруулж, Монгол орны харилцан өөр царцдас бүхий структур дахь техтоник ба магиатизмын холбооны судалгааны үр дүнд Хангайн нуруунд хээрийн судалгааг явуулж гаж соронзон орны шинж чанараар нь Монгол орныг гурван том бүс болгон хувааснаас гадна их эрчим бүхий 100 гаруй соронзон гаж байгааг илрүүлж, 1981 онд Монгол хүн анх удаа сансарт ниссэн зэрэг шинжлэх ухаан, технологийн ололт, нээлтүүдийг түүний үед монголын эрдэмтэд бүтээж хийж чадсан юм. Ийнхүү монголын эрдэмтэд судалгааны түвшины хувьд хөгжиж чадсан явдал бол академич Б.Ширэндэвийн идэвхтэй дэмжлэг нэр нөлөөтэй шууд холбоотой.
Түүний ажлыг ийм түвшинд явж байх үед улс төрийн ашиг хонжоо хайгсад, амин хувийн эрх ашигтанууд Ю.Цэдэнбал түүнийг аялдан дагалдагчид үзэшгүй муу хүн байсан мэтээр нэг л өглөө зангаа эргүүлж, хурцаар шүүмжлэн ажил албан тушаалаас нь авч хаясан юм. Тэрхүү шүүмжлэл хэлсэн хүмүүс одоо ч та бидний дунд түүнийг сайн хүн байсан мэтээр магтан сайн хүний дүр эсгэн явж байна. Тэдний хэлсэн үг, өгүүлбэр бүр архивын баримт тэмдэглэлд тод үлджээ. Б.Ширэндэвийг зөвхөн өөрийнх нь намтрыг гадаадын эрдэмтэн магтан бичсэн нэрээр шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөс авч хаяснаар Монголын шинжлэх ухаанд амжилт гараагүй юм. Харин ч гарз болсныг учир мэдэх хүмүүс дурсан бичсэн. Монголын төр түүнийг хяхан орхиход Оросын монголч эрдэмтэд харин тоон урьж ажиллуулсан билээ.
Б.Ширэндэв гуай 1990-ээд оны дундаас Монгол улсдаа эргэж ирсний дараа өөрийн хүчээ зориулж босгосон Шинжлэх Ухааны Академи нь хүнд хэцүү байдалд орсонд санаа зовниж, чадлын хирээр санал зөвлөгөө өгч, төр засагт үгээ хэлж, өсвөр залуу судлаачдад сонирхолтой яриа лекцийг тасралтгүй явуулж байв. Эрдмийн ажлаа ч үргэлжлүүлсээр дурсамжийн болон судалгааны хэд хэдэн номоо монгол, англи, хятад зэрэг хэл дээр нийтлүүлэхийн зэрэгцээ дотоод, гадаадын хэд хэдэн судлаачдын эрдмийн ажлыг удирдаж хамгаалуулжээ. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бичигдэж байсан “Монгол улсын түүх” таван боть зохиолд ерөнхий редактор, зохиогчоор ажиллаж анх үндэс болгон эзэмшсэн түүхч мэргэжлээрээ эрдмийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлсээр бурханы оронд одсныг түүний судалгааны ажлын туслах бичээч байсны хувьд мэдэх билээ.
Ийнхүү Базарын Ширэндэв хэмээх цартай эрдэмтэн, шинжлэх ухааны зангарагтай зохион байгуулагч, эр хүний ноён нурууг чандлан сахиж, амьдрал тэмцлийн бартаат замыг оюуны чадал, сэтгэлийн хатаар даван туулсан Монгол эрдэмтэнээ монголчууд бид нэхэн дурсаж хүндэтгэх нь хүмүүний ёсон болой.
Эх сурвалж: news.num.edu.mn