Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулах тус наадамд Монгол Улсаас элсний гандбол, элсний сагсан бөмбөг, элсний волейбол, элсний модон бөмбөг гэсэн спортын дөрвөн төрөлд оролцох юм байна.
Монголын гандболын шигшээ багийн хувьд тус наадамд анх удаагаа оролцох гэж буй. Наадмын гандболын тэмцээний сугалаа 2012 оны тавдугаар сарын 8-ны өдөр гарсан бөгөөд “А” хэсэгт Тайланд, Оман, Япон, БНХАУ, “Б” хэсэгт Пакистан, Катар, Хонконг, Вьетнам, Шри Ланка, харин “С” хэсэгт Монгол, Энэтхэг, Кувейт, Бахрайн, Афганистаны багууд таарчээ. Монголын элсний гандболын шигшээ багийн бүрэлдэхүүнд ҮБТДС-ийн оюутан, спортын мастер Ю.Сайнхүү, ШУТИС-ийн оюутан, спортын мастер О.Сандаг нарын тамирчид багтаж, багийн дасгалжуулагчаар спортын мастер Б.Бадрангуй ажиллана.
Хай-ян хот нь БНХАУ-ын зүүн хэсгийн Номхон далайн эргийн дагуу Чиндао хотын ойролцоо оршдог 700,000 хүнтэй, аялал жуулчлал хөгжсөн түүхийн дурсгалт хот юм. Наадмын эрхийг Хай-ян хот Азийн Олимпийн зөвлөлийн шийдвэрээр 2006 оны 12 сард хүлээн авч, таван жил гаруйн хугацаанд бэлтгэл ажлаа хангасан юм.