Израилиуд хэний эсрэг Бакуг зэвсэглэв?

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Израилиуд хэний эсрэг Бакуг зэвсэглэв?

Израилийн "Israel Aerospace Industries" компани Азербайжанд нисгэгчгүй онгоцууд болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем худалдахаар зэхэж байна. Израилийн Батлан хамгаалах яам энэ талаарх гэрээг хийсэн хэмээн мэдэгдэв. Азербайжан дээрх зэвсэглэлийг 1.6 тэрбум доллараар худалдан авахаар тохиролцжээ.  Тель-Авив юуны тулд Бакуг зэвсэглэнэ вэ? Энэ талаар олон улсын харилцааны мэргэжилтэн Хайдар Жемаль санаа бодлоо хуваалцаж байна.

-Өмнөд Кавказад Израилийн зэвсэг байрласнаар хэнд цохилт өгч болох вэ, Иранд уу, эсвэл өөр байнд уу? Арменид ч цохилт өгч болох талтай…?

-Израиль улс Азербайжанд зэвсгээ нийлүүлж байгаа нь Иранд сэтгэл зүйн дарамт үзүүлж буй нэг хэлбэр юм. Баку, Тегераны харилцаа улам хурцадсаар байгаа. Азербайжанд нисгэгчгүй онгоц, пуужингаас хамгаалах систем зарснаар Баку, Тегераны хоорондох сөргөлдөөнийг улам хурцатгах нь ойлгомжтой. Мөн Израилийн зэвсэг Аезербайжаны байр суурийг Арменийн өмнө бэхжүүлж болох юм. Армянууд ч гадаадаас хангалттай зэвсэг авдаг. Израилийн тал Азербайжанд зэвсгээ худалдахдаа тодорхой нөхцөл тулгаж байгаа. Израилиуд яг америкууд шиг зэвсгийг ямар зорилгоор ашиглах талаар болзол тавьдаг. Тель-Авив, Баку хоёрын хийж буй наймаа нь Израилиас Иранд өгч буй сануулга бололтой. Армени-Азербайжаны мөргөлдөөн сэргэх эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Энэ хоёр улсын хоорондох хямрал сүүлийн арван жилд дээд цэгтээ хүртэл хурцадсан.

-Иран саяхан Азербайжаныг "Моссад"-тай (Израйлийн тагнуулын байгууллага) хамтран ажиллаж байна гэж буруутгасан. Азербайжанд Израилийн тусгай албаны тагнуулууд ажиллаж байж болох уу?

-Азербайжаны тал Израильтай нягт харилцахыг эрхэмлэж байгаа, тэр тусмаа цэргийн салбарт. Баку, Тель-Авив хоёр цэргийн салбарт хамтран ажилласнаар цэргийн тагнуулын салбарт нягт харилцаа тогтоож, тагнуулын мэдээлэл, оператив ажиллагааны мэдээллээ солилцох төвшинд хүрэх юм. Турк улс өмнө нь Израилийн хувьд ямар байсан одоо Азер-байжан тийм болчихоод байна. Турк, Израиль хоёр саяхан болтол Ойрхи Дорнодод хамтран тоглодог байлаа шүү дээ. Одоо ийм дотно харилцаа байхгүй болсон. Харин Азербайжан дотно харилцаагаа хадгалан үлдсэн. Ирануудын ярьж буй зүйлд үнэний хувь бий. Бакуд гуравдагч орны хүчний бүтэц үйл ажиллагааг явуулаад удаж байна.

Азербайжаны нефтийн хоолойг Туркийн цэргийн анги нэгтгэлүүд хамгаалж байсан цаг бий. Туркийн цэргийнхэн Азербайжанд алба хаахдаа жирийн ажилчны дүр эсгэдэг байсан. Тэнд одоо нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй байна. Гэвч Туркийн анги нэгтгэлүүд байрлаж Азербайжанд цэргийн эргэлт гарахаас сэргийлдэг байсан. Энэ бол Ерөнхийлөгч Гейдар Алиевийн үед л дээ. Гэвч одоо Анкара, Бакугийн харилцаа ихээхэн хөрөөд байгаа.

-Яагаад ийм болчихов?

-Үүнд олон шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь Туркийн шинэ удирдлагын Израилийн эсрэг байр суурь юм. Азербайжаны шинэ удирдлага курдуудээс бүрдэж байна гэж Анкара мэдэгдсэн. Илхам Алиев болон түүний хүрээлэл бүс нутагт курдын ашиг сонирхлыг хамгаалж байна гэж Турк үзэж байгаа. Ингэснээр бүс нутагт ихэд ээдрээтэй геополитикийн ашиг сонирхлын клуб үүсчихээд байна. Турк одоо Израилийн эсрэг байр суурьтай. Иран, Турк хоёрын байр суурь нэг талаар ихээхэн ойртож, нөгөө талаар холдоод байна. Иран Башар Асадыг дэмжиж байна. Турк болохоор Ираны гол холбоотон болох Сирийн алавитуудын дэглэмийг унагахын төлөө байгаа юм. Хажуугаар нь Иран улс Турк, Азербайжаны "эсрэг" улс Арменийг дэмжиж байгаа. Баку Турктай сайн харилцаагаа хадгалахыг хүсэж байгаа ч энэ харилцаа өдрөөс өдөрт муудсаар байна.

Ийнхүү энд ашиг сонирхол ихээхэн холилдож жонхуу болоод байна. Ямар ч байсан Азербайжан зэвсэглэлээ зузаатгаснаар Тегеранд сэтгэл зүйн дарамт болж буй нь тодорхой юм.

Н.МӨНХЖИН

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж