Засгийн газрын бараа үйлчилгээ худалдан авах тендерийг цахим хэлбэрт шилжүүлснээр тендерт оролцогч компаниуд цаг хугацаа, зардал хэмнэх, тендерт оролцогчид нүүр тулан уулзаж харилцаа үүсгэхгүй байх давуу талтай юм байна. Мөн олон сая төгрөгийн хэмнэлт гарах аж. Засгийн газар тендерийн материал бэлтгэн хүргүүлэхэд хоёр тэрбум, сонин хэвлэлээр зарлахад 400 сая төгрөг зарцуулдаг аж. Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн материал авах, бичиг баримт бүрдүүлэхэд дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.
Засгийн газрын бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд өнгөрсөн жил нэмэлт өөрчлөлт оруулан 30 хувийг цахим хэлбэрээр худалдан авахаар тусгасан байна. Цахим тендерийн системийг нэвтрүүлэхэд БНСУ-ын Койка байгууллага дөрвөн сая орчим ам.долларын буцалтгүй тусламж, техникийн тусалцаа үзүүлсэн аж. Цахимаар тендер шалгаруулах мэдээллийн системийг боловсруулах ажлыг жил хагасын хугацаанд хийжээ.