“SouthGobi” олборлолтоо үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

“SouthGobi” олборлолтоо үргэлжлүүлж байна

Өмнөговийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт явуулж буй SouthGobi Resources Ltd компани өчигдөр оны эхний улирлын ашгаа тайлагнаж, үнэт цаасны арилжаа нь хоёр дахин нэмэгдэж, нэгж хувьцааны үнэ өсч буй гэж мэдэгджээ. Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources Ltd”-ийн зарим лиценцийг Монголын Засгийн газраас цуцална гэж мэдэгдсэн ч тус компани олборлолтоо үргэлжлүүлж байгаа талаар “Ройтерс” мэдээлсэн байна.

Хятадын төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компани “SouthGobi”-ийн хувьцааны дийлэнх хувийг 926 сая ам.доллараар “Айвенхоу Майнз” компаниас худалдаж авах гэрээ байгуулсны  дараа Монголын Засгийн газар тэдний хэрэгжүүлж буй хэд хэдэн томоохон төслийн газрын лицензийг цуцална гэж мэдэгдсэн билээ. Дээрх асуудлаас үүдэн Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн.

Харин даваа гаригт буюу өчигдөр “SouthGobi” мэдэгдэл хийхдээ “Тавдугаар сарын 14-ний байдлаар манай компанид лицензийг цуцалсан тухай албан ёсоор мэдэгдээгүй. Тиймээс манай компани лиценз хүчинтэй гэж үзэж, олборлолтыг үргэлжлүүлж байгаа” гэсэн байна. “SouthGobi” мэдэгдэлдээ хэрэв лицензийг цуцалсан тухай албан ёсоор мэдэгдсэн бол бид үйл ажиллагаагаа зогсоох байсан гэжээ. Нөгөө талаар тус компанийн лицензтэй холбоотой тодорхойгүй байдал хоёрдугаар улирлын ашгийн төлөвлөгөөг гаргах боломжгүй болгож байгааг мэдэгдэлдээ дурьджээ. Засгийн газраас  “SouthGobi”-ийн лицензийг цуцална гэж мэдэгдсэний дараа зарим үйлчлүүлэгчид худалдан авалтын хэмжээг бууруулсан талаар CIBC-ийн шинжээч Алек Кодацки ярьсан байна.

“SouthGobi”-ийн нэгж хувьцаа түүний таамаглаж байснаас унаж, 13-аас 11 канад доллар болж буурсныг Монголын улс төрийн тодорхойгүй байдалтай холбон тайлбарласан байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж