“Камертон 2”-т алтан үеийн хитүүд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

“Камертон 2”-т алтан үеийн хитүүд эгшиглэнэ

Хамгийн ирээдүйтэй, урт настай, бодитой, шилдэг хамтлаг бүрдүүлэхээр “Камертон” хамтлагийнхан  “В Production”, “Боловсрол” суваг телевиз, “Music box” суваг хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Камертон-2” шоу цэнхэр дэлгэцээр та бүхэнд үдэш бүр хүрч байгаа билээ. “Камертон” хамтлагтийн дөрвөн гишүүний шүүж буй нэгдүгээр шатны шалгаруулалтын эцсийн шүүлт маргааш “Боловсрол” суваг телевизээр гарна. 760 залуу оролцсон уг шоуны хоёрдугаар шатны ялагчид  1960-1990 оны хооронд Монголд хит болж байсан тэр л танил, дотно дуунуудыг дуулж, өрсөлдөх юм байна. Монголын рок, поп урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, сонсогчдын сонорт хувьсал хийсэн 1960-1990 онд Монголын эстрад урлагийн эцэг, Монголын “Битлз” хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ”, “Инээмсэглэл”, “Харш”, “Өргөө”, “Титэм”, “Хөх тэнгэр”, “Айзам”, “Хонх” хамтлаг, дуучин Б.Бадар-Ууган, “Чингис хаан”, “Никитон”, “Харанга” хамтлаг, Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар төрөн гарч, олон сайхан хит дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан юм.

“Камертон 2” төслийн хоёрдугаар шатны аз од нь гийсэн, авьяаслаг оролцогчдод алтан үеийн уран бүтээлчдээсээ суралцаж, монгол дууны үг, аялгуутай танилцаж, тухайн дууг өөрийнхөө найруулгаар дуулах ховорхон хувь тохиох нь ээ. Учир нь тэд хоёрдугаар шатанд дуулах дуугаа сугалаагаар сонгосон бөгөөд хаан хуурын гайхамшигт аялгуутай хамт үзэгч та бүгдийн сонорыг мялаах хит дуунуудыг дуулан өрсөлдөх гэж байна. Мөн тухайн уран бүтээлийг нь өлгийдөн авч, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн, үеийн үед дуулах дуртай дуу болгон амьдруулсан уран бүтээлчид нь зочин шүүгчээр оролцож байгаа гээд “Камертон 2” төслийн хоёрдугаар шат өвөрмөц онцлогоор дүүрэн болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж