Э.Цэнд-Аюуш Би том ам гарахгүй ээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Э.Цэнд-Аюуш Би том ам гарахгүй ээ

 Наснаасаа
эрт хэрсүүжсэн түүнтэй ярилцахад амар байлаа. Илүү дутуу зан, маяггүй
энгийн нэгэн хөдөөх залуу. Шүлгэнд дурласан, шүлэг бичдэг нэгэн залуу.
Ингээд “Болор цом-2008”-ын аман хүзүү Утга зохиолын дээд сургуулийн
оюутан Э.Цэнд-Аюуштай хийсэн ярилцлагаа толилуулья.

-“Болор
цом-2008”-д нэгэн “битүү морь” гэнэт цойлоод л бүр аман хүзүүдсэн. Ах
нарынхаа өмнө “гишгэх”  ямар санагдаж байв, тэр үeд.

-“Болор
цом”-д би анх удаа л оролцсон маань энэ. “Болор цом”-д шүлэг уншина
гэдэг миний хувьд нэр хүнд байснаас үнэндээ үзүүр түрүү булаацалдана
гэж бодоогүй.  Яг үнэнээ хэлэхэд, нэгийн даваанаас л хасагдах байх гэж
бодож байсан юм. Эхний даваанд ч яахав уншаад л өнгөрсөн. Харин
сүүлчийн даваанд л нэлээд сандарсан даа. Алга нижигнээд л, танхим
дүүрэн хүмүүс. Тийм олон хүний өмнө урьд нь би шүлэг уншиж байгаагүй
болохоор хөл гар чирээд л, багагүй сандарч байсан шүү.  

-Ганцхан оноогоор цом өвөртлөх эрхээ алдсан шүү дээ. Харамсалтай байсан уу, тэгэхэд?

-Өө,
ёстой үгүй. Миний хувьд аман хүзүүдэнэ гэдэг л хамгийн том шагнал
байсан. Айргийн тавд үлдэхдээ л би баярлаж байсан, тийм болохоор нэг
оноо дутаад цом авч чадсангүй гэх харамсал надад төрөөгүй. Харин ч аман
хүзүүдсэндээ одоо хүртэл өөртөө итгэхгүй л сууна даа. “Болор цом”
болохоос өмнө би эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үeд бичиж байсан шүлгүүдээ 
уншсан. Намайг бурхан ивээж л гэж бодож байна, яг үнэндээ.

-Их гоё шүлгүүд байсан шүү, А.Эрдэнэ-Очирын шүлэгтэй адилхан ч юм шиг?

-Хүмүүс
харин надаас тэгж асуугаад байх юм. Харин ч өөр шүлэгтэй шүү дээ. Яахав
уншилт нь адилхан байж магадгүй. Яруу найраг бичнэ гэдэг миний хувьд
хүн дуурайхын нэр биш гэж боддог доо.  Би өөрийнхөөрөө бичихийг
хүсдэг.  Тэр хэрээрээ ч шүлгүүд маань өөрийн гэсэн өнгөтэй гэж боддог
юм.

-Шүлгэнд хар багаасаа л дурласан уу?

-Хар
багаасаа бишээ. Шүлгэнд дурлуулах үрийг арван жилийн өвгөн багш маань
сэтгэлд маань тарьж өгсөн юм. Дунд сургуульд байхдаа би арын ширээнд
суудаг, хичээл дээр их томоотой, хичээлээ тарангуутаа маш дүрсгүй
хүүхэд байсан. Нэг удаа арын ширээнээсээ дэвшээд хамгийн урд талд
суусан юм. Багш маань “Болор цом”-ын эздийн шүлгийг уншиж өгөөд. Тэр
өдрөөс хойш л би шүлэг унших бас сонсох, тэгээд бичих дуртай болсон
хэрэг.

-Өөрөө хаанахынх билээ, ингэхэд?

-Завханы Эрдэнэхайрханых.

-Тэгвэл нутгийнхан чинь чамайг “од” болчихлоо гээд бөөн баяр байгаа юм байна л даа.

-Аав
ээж маань баяр хүргээд ярьж байсан. Нутагтаа байхдаа ч бас тийм ч нэр
муутай байгаагүй ээ. Магадгүй миний өмнөөс баярлах хүн олон байгаа
байх. Тэдний хүү “Болор цом”-д аман хүзүүдэж гээд л ярьж байгаа байх.

-Гэнэтхэн л хүмүүсийн танил болчихлоо шүү дээ, охидын хандлага өөрчлөгдөж байна уу?

-Одоохондоо
мэдрэгдсэн юм алга л байна. Тэгээд ч би өөрийгөө, олны танил болчихлоо
гэж бодохгүй байгаа. Eр нь би өөрийгөө тоох дургүй. Харин ч дандаа голж
явдаг юм.

-Яагаад ?

-Яахав
дээ, нэг шүлэг биччихээд эргээд уншихдаа их муу болжээ гэх ч юм уу
эсвэл бүр шүлэг бичих хэрэггүй ч юм шиг өөрийгөө голох үe гардаг л юм.

-“Болор цом”-д уншсан шүлгүүд чинь дандаа хайрын сэдэвтэй байсан. Бүгд эзэнтэй шүлгүүд үү?

-Бараг
л тийм дээ. Гэхдээ миний шүлгүүдэд яг хайрын тухай шууд илэрхийлсэн
бүтээл их ховор байдаг л даа. Дандаа тойруу замаар илэрхийлэхийг
оролддог юм.

-Их олон охинд дурласан байх нь ээ. Охидыг хэр их уйлуулж байна. Эсвэл өөрөө уйлж байна уу?

-Охидод
дурлалгүй л яахав. Eр нь хайр гэдэг энэ хорвоог зөөллөж явдаг зүйл шүү
дээ. Хайр байхгүй бол бүх юм харгис, хатуу байхсан биз. Эмэгтэй хүн
эрчүүдийн чимэг байдаг. Харин би охидыг хэзээ ч уйлуулж байгаагүй. Тийм
эмзэг амьтдыг гомдоох зүрх надад байдаггүй юм. Миний хамгийн их
дурлачихаад, дурлалдаа шатаж байгаа зүйл бол шүлэг л байна. Шүлэг,
унших, бичих, сонсох тусмаа би улам их дурладаг юм.

-Удахгүй хавар болно, дурлаад л баахан шүлэг бичээд л, охидыг өдөөд л?

-Миний хамгийн дуртай улирал намар, өвөл. Нэг тийм уянгын аястай. Харин хавар болохоор сэтгэл гэгэлзсээр байгаад дуусчихдаг.

-Дараагийн наадамд даага авахын тулд ногт ганзагалж очих болох нь ээ?

-Би тийм том ам гарахгүй ээ. Би eр нь шуналгүй хүн. Тэгээд ч аливаа зүйлд бардсан хүн дандаа унаж байдаг шүү дээ.

Ж.ЭРХЭС/2009 оны 1 сарын 3/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж