Сумдын автозамын тээврийн дэд бүтцийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Сумдын автозамын тээврийн дэд бүтцийг шинэчилнэ

Төв аймгийн Жаргалант, Борнуур сум чиглэлийн 32.2 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажлын нээлт өчигдөр боллоо. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн төв замын 96 дугаар км-ээс Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Борнуур сумын 112 дугаар км-ээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх 24.75 км авто замыг шинэчлэх ажлын нээлт болж, эл арга хэмжээнд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дөрөвдүгээр зэрэглэлийн, хоёр урсгалтай, зургаан метр өргөн асфальт бетон хучилт бүхий зорчих хэсэгтэй болгох энэхүү замын шинэчлэлийн гүйцэтгэгчээр “КТК”, “Анандын зам” ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа бөгөөд автозамыг энэ оны арваннэгдүгээр сард барьж дуусгах зорилт тавьжээ. Харин замын барилгын ажлын хяналтын зөвлөхөөр Энэтхэгийн “Ай Си Ти” компани ажиллах аж. Сумдын автозамын тээврийн дэд бүтцийг шинэчилснээр сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах зэрэг олон давуу талтай юм байна.

Монгол Улсын Засгийн газар болон Германы Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй олон улсын чанартай авто замын төслийн хүрээнд дээрх ажлыг хийж буй юм.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж