Овоот толгойн олборлолт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Овоот толгойн олборлолт үргэлжилж байна

Ашигт малтмалын газар “Саутгоби Сэндс” компанийн Овоот
толгойн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа дөрөвдүгээр сарын 16-ны өдөр
мэдэгдсэн. Харин  тавдугаар сарын 14-ний
Даваа гаригт цацагдсан шинэ мэдээллээр 
тус ордод уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар Ройтерс
агентлагт “Саутгоби Ресорсез” компани мэдээлжээ.

Одоогоос бараг сарын өмнө Монголын  Ашигт малтмалын газар “Саутгоби Сэндс”
компанийн Овоот толгой ордын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа
мэдэгдсэний дараа  Торонто болон
Хонконгийн бирж дэх “Саутгоби Ресорсез” компанийн хувьцааны үнэ огцом унасан
юм.

Ройтерс агентлагийн өчигдөр мэдээлж буйгаар, Овоот толгой
ордод үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс” компани одоог хэр нь Ашигт
малтмалын газраас тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэнтэй холбоотой ямар нэгэн албан
бичиг хүлээж аваагүй байгаа гэжээ. Хэрэв албан бичиг хүлээж авбал олборлолтын
үйл ажиллагааг зогсоох болно гэж мөн тайлбарласан байна.

Өмнөговьд нүүрсний хэд хэдэн томоохон төсөл эзэмшиж буй “Саутгоби
Сэндс” компанийн толгой компани болох “Саутгоби Ресорсез”-ийн 60 хувийг Хятадын
төрийн өмчийн “Чалко” компани 926 сая ам.доллараар худалдаж авах гэрээг хоёр
тал өнгөрсөн сарын 1-нд хийсэн билээ.


Б. Төгсөө

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж