УИХ-ын хоёр гишүүнийг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын хоёр гишүүнийг яллагдагчаар татжээ

Авлигын
хэрэгт шалгагдаж, цагдан хоригдоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг
өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргалаа.
Батлан даалтад гаргах шүүхийн шийдвэр гарсны дараа Н.Энхбаяр өөрийн
хүсэлтээр өлсгөлөнгөө зогсоосон билээ. Н.Энхбаярыг авлигын хэрэгт
яллагдагчаар татаж, прокурорт шилжүүлээд байсан энэ хэрэг одоо шүүхийн
шатанд шилжсэн тул цаашид түүнийг цагдан хорих шаардлагагүй болсон
байна. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатар,
Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Эрүүгийн
хэргийг анх До.Чулуунбаатар нарт холбогдуулан өнгөрөгч 2011 оны
нэгдүгээр сарын 20-нд Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 148.4-дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
эхэлсэн. Мөн Улсын мөрдөн байцаах газраас Н.Болормаад холбогдуулж 2011
оны арванхоёрдугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р
зүйлд заасны дагуу тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ
хоёр хэргийг өнгөрөгч оны долдугаар сарын 20-нд нэгтгэн шалгаж, 2011 оны
арваннэгдүгээр сарын  9-ний өдрөөс хэргийн харьяаллыг АТГ-т мөрдөн
шалгах хэлтэс УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэстэй хамтран
шалгаж эхэлсэн. Авлигын эсрэг хуулийн 18-р зүйлд зааснаар АТГ нь цагдаа,
тагнуулын байгууллагатай хэрэг мөрдөн шалгах явцдаа хамтран ажиллаж 
болно гэж заасны дагуу баривчлах ажиллагааг явуулсан байна.

Н.Энхбаяр
болон нийт дөрвөн хүнд холбогдох хэргийг 2011 оны аравдугаар сарын
19-ны өдөр Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцож,
Н.Энхбаярт сэжигтнээр тооцсон тогтоолыг өөрт нь төдийгүй өмгөөлөгчид нь
танилцуулж, зарлан дуудах хуудас гардуулсан аж. АТГ-аас 10 удаа зарлан
дуудах хуудас хуулийн дагуу зарлан дуудах хуудсыг өөрт нь болон
өмгөөлөгч нарт нь гарын үсэг зуруулан хүлээлгэж өгсөн. Тиймээс бид
цагдан хорьж байцаалт авахаас өөр арга байгаагүй. Мөн цагдан хорьсноос
хойш гурван удаа уулзаж, байцаалт авсан. Тухай бүрт нь өмгөөлөгчид нь
хэлж байсан ч тэд ирээгүй гэдгийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар
хэлж байлаа.

Тухайлбал, эхний байцаалт авахын өмнө өмгөөлөгч
О.Баа­сан­хүүд мэдэгдсэн ч өөр ажилтай гээд ирээгүй. Харин хоёр дахь
удаа­гийн байцаалтын үед өмгөөлөгч О.Баа­санхүүг байцаалт авахдаа
байл­цуулсан юм байна. Харин О.Баа­санхүү байцаалт авахдаа нэг ч удаа
өмгөөлөгчийг нь байлцуулаагүй гэдэг мэдээллийг өгч байсан. Энэ үед
Н.Энхбаяр байцаалт өгөхгүй гэж татгалзсан. Эрүүгийн байцаан шийт­гэх
хуулиндаа сэжигтэн мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байдаг аж.

Сэжигтнээр
татагдсан тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох
баримтаар тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн 160-д зааснаар түүнийг
яллагдагчаар татах ёстой байдаг. Тиймээс АТГ-аас гурав дахь удаагаа
байцаалт авахдаа өмгөөллийн багт нь танилцуулсны дараа өмгөөлөгч
н.Оюунбилэг ирж байлцахаар болсон ч тэр ирээд энэ ажиллагаанд оролцохгүй
гэдгээ мэдэгдсэн. Үүнийг нь Н.Энхбаярт хэлсэн. ШШГЕГ-ын даргаас
зөвшөөрөл авч яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан байдаг аж. 

Н.Энхбаярыг
цагдан хоригдож байх үед нь түүний ар гэрийхэн нь нэг ч удаа уулзах
хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв гаргасан бол сэжигтнээр татагдсан
тохиолдолд мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр уулзуулах заалт байдаг юм
байна. Харин өлсгөлөн зарласан өдөр нь түүний гэр бүлийнхэн нь уулзах
хүсэлт гаргасныг АТГ-аас хүлээн авч уулзуулсан байна. Тухайн үедээ
түүний хүү Э.Батшугар болон ар гэрийхэн нь нэг ч удаа уулзаагүй,
уулзуулахгүй байна гэх мэдээллийг өгч байсан юм. Өмгөөлөгчдийн хувьд
цагдан хоригдсоноос хойш 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос өчигдрийг
хүртэл хугацаанд 18 удаа 30 минутаас дөрвөн цагийн хугацаанд уулзаж
байжээ.

Мөн өмгөөлөгч нар нь байцаалт аваагүй байж хавтаст
хэрэгтэй танилц гэж АТГ-аас мэдэгдсэн гэж ярьж байсан. Харин АТГ-ын
мөрдөн шалгах хэлтсийн дарга хуулийн дагуу мөрдөн байцаалт, нотлох
баримтаа цуглуулан хавтаст хэргийг өмгөөлөгч нарт нь энэ сарын 3-7-ны
өдрийн хооронд танилцахыг мэдэгдсэн гэв. Эрүүгийн байцаан шийтгэх
ажиллагаа тасралтгүй явах зарчимтай байдаг учраас өмгөөлөгч нарт нь
хавтаст хэрэгтэй танилцах боломжуудыг хангалттай олгосныг ч мөрдөн
байцаагч нь дуулгасан.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Н.Энхбаярын
хэрэгт хол­бог­дуулан дөрвөн хүнийг яллаг­дагчаар татсан хэрнээ ганц
хүнийг барьж хорьсон нь улс төрийн зорилготой юм шиг харагдуулаад байгаа
юм биш үү?

-Мөрдөн байцаалтад саад учруулсан гэх үндэслэлээр
Н.Энхбаярыг хорьсон. Бусад холбогдогчдын хувьд хуулийн дагуу мэдүүлгээ
өгөөд шалгуулаад явсан байгаа. Сонгууль болох гэж байгаа болохоор
хэргийг шалгахаа больдог, түдгэлзүүлдэг хуулийн заалт байхгүй. Ийм
асуудал байж болохгүй. Н.Энхбаярыг таван үйлдэл дээр яллагдагчаар
татсан.

-Энэ хүний амь өнөөдөр дээсэн дөрөөн дээр байгаа.
Хэрвээ амь насанд аюул учирвал хэн хариуцлага хүлээх вэ. Улмаар хэрэг
хэрхэн шийдвэрлэгдэх бол?

-Хэрэг манайхаас шилжсэн. Тэгэхээр холбогдох байгууллагаас нь энэ талаар албан ёсны тайлбарыг нь авах нь зүйтэй байх.

-Н.Энхбаяр болон түүний гэр бүл томоохон уул уурхайн ордуудын лиценз эзэмшдэг гэх мэдээлэл бий. Үүнийг шалгаж байгаа юу?

-Тийм зүйл бий.

-Энэ
хэрэгт Ерөнхий сайдыг холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Мөн УИХ-ын гишүүд, ИТХ-ын дарга нар холбогдож байгаа гэх мэдээлэл байна?

-Ерөнхий
сайд уг хэрэгт шалгагдаагүй. НИТХ-ын дарга Т.Билэгтийн хувьд сэжигтнээр
татагдаад явж байгаа. Сэжигтнээр татсанаас хойш гадаадад гараад явсан.
Одоо болтол ирээгүй байгаа. Тиймээс хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ц.Батбаяр  нарыг эхлээд сэжигтнээр, улмаар
яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийн
тусгаарласан. Тусгаарлана гэдэг нь энэ хэргийг хааж байгаа хэрэг биш,
тусад нь шалгаад хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

-Мөрдөн байцаалтын явцад Н.Энхбаярын улсад учруулсан хохирлын хэмжээг тогтоосон гэсэн. Хэдий хэмжээний хохирол гарсан бэ?

-Мөрдөн байцаалтаар долоон тэрбум 260 сая төгрөгийн хохирол тогтоосон.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж