Европын холбооны Төв банк Грекийг евро бүсээс гарах аюул, түүний үр дагаврыг хэрхэн давах талаар зөвлөлдөж эхлээд байна гэж Шведын Төв банкны орлогч дарга Пер Янсонн хэлснийг Британийн радиогоор дамжуулжээ. Үүний өмнө Грек евро бүсийг орхиж магадгүй талаар Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу Италийн SkyTG24 телевизийн сувагт ярьсан байв. Гэхдээ Грек холбооны 17 орны баталсан төсвийн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд гэдгийг тэр тэмдэглэжээ.
“Хэрэв гэрээг хүндэтгэн үзэхгүй гэвэл боловсруулсан нөхцөлийг сахихгүй байгаа оронтой харилцаагаа үргэлжлүүлэх шалтаг байхгүй. Би Грекийн ардчиллыг хүндэтгэнэ, мөн Афинд туслах төлөвлөгөөг дэмжсэн евро бүсийн үлдсэн 16 орны парламентыг би хүндэтгэх ёстой” хэмээн Баррозу хэлсэн байв.
“Хэн ч хэнийг ч айлгаагүй. Гэхдээ бидний хамтран боловсруулсан аргаас өөр зам байхгүйг манай грек найз нарт хэлэх хэрэгтэй. Эрүүлжих өөр хөнгөн зам байгаа гэсэн үлгэрийг иргэдэд ярих нь маш аюултай” гэдэгт Германы Сангийн сайд Шойбле итгэлтэй байна.
Евро бүсээс гарахад улс орон өөрийн валютын систем ба процентад хяналт тавих авч энэ алхамын ойрын үр дагавар нь Грекийн хувьд ч, европын орнуудын хувьд ч хэлэх аргагүй сүйрэл болно гэдгийг шинжээчид хэлж байна. UBS төвийн дүгнэлтээр шинэ грек валютын үнэлгээ 60 хувиар буурч, ханш нь наад захдаа долоон хувиар унах аж. Евро бүсээс гарах нь грек иргэн бүрт эхний жилдээ 11,5 мянган евро, хоёр дахь жилдээ 4000 еврогийн гарз авчирах ажээ.
Хэт зүүний СИРИЗА намын лидер Алексис Ципрас эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээрт оролцохгүй гэсний дараа Грек улс төрийн хямрал даамжирна гэсэн хүлээлтэд байна. Ципрасын татгалзсан нь дахин сонгууль явуулахаар болгоод байна. Энэ сонгуулиар Европын холбооны тусламжийг эсэргүүцсэн нам нь засгийн эрх авч магадгүй.
Эвслийн Засгийн газар байгуулах алхамыг ярилцахаар ерөнхийлөгч Каролос Папульяс дөрвөн намын дарга нарыг уриад байгаа. Ципрас Европын холбоо ба ОУВС-тай байгуулсан гэрээг дэмжиж буй намуудтай эвсэлд орохоос татгалзсан юм. Өнөөг хүртэл барууны төвийн “Шинэ ардчилал” ба ПАСОК гэх социалист хөдөлгөөнийхөн эвслийн гэрээг байгуулж чадаагүй байгаа. Энэ хоёр нам ээлжит бус сонгуулиар олон суудлаа алдсан учраас тэдэнтэй эвсэлд орох гурав дахь нам хэрэгтэй болжээ.
Хүчний харьцаа ба намын сөргөлдөөнүүд
Шинэ парламентад авсан мандатын тоогоор хоёрт орсон СИРИЗА эвсэл нь 130 тэрбум еврогийн зээлтэй холбоотой Европын холбоо ба Олон улсын валютын сангаас Грект санал болгосон эдийн засгийн арга хэмжээг эсэргүүцэж байгаа юм. “Алексис Ципрас даваа гаригийн хэлэлцээрт очихгүй” гэж СИРИЗА-гийн төлөөлөгч Никос Паппас мэдэгдсэн байна.
Грекийн тодорхойгүй байдал олон улсын хөрөнгө оруулагч нарт түгшүүр төрүүлж байна.
Ерөнхийлөгчийн өргөөнд “Шинэ ардчилал”, ПАСОК ба төвийн сахисан зүүний Ардчилсан намын төлөөлөгчид хэлэлцээр хийж байна. Онолын хувьд сонгуулиар 19 суудал авсан зүүний ардчилагчид хоёр намд эвсэл байгуулахад нь тус болох юм. Гэхдээ уг намын лидер Фотис Кувелис нэг биш удаа мэдэгдэхдээ СИРИЗА намгүйгээр Засгийн газарт орохгүй гэж байлаа.
Өнгөрсөн ням гаригт ерөнхийлөгч Папульясын намуудтай хийж байсан зөвлөлдөөн нь бүтэлгүйтэв. “Тэд СИРИЗА-тай тохиролцохыг оролдож байна… Тэд биднийг гэмт хэргийнхээ хамсаатан болгох гэж байна. Харин бид тэдний хамсаатан болохгүй” хэмээн Ципрос мэдэгджээ. Дараа нь тэр зүүний ардчилагч нарыг СИРИЗА-гийн араар эвсэлд орох гэж байгаа хэмээн буруутгав. Зүүний ардчилагчид тэр буруутгалыг “худал гүтгэлэг” гэж нэрлэсэн байна.
Шинэ сонгууль юу авчрах вэ?
Афин хотноо суугаа ВВС-гийн сурвалжлагч Марк Лоуэны хэлснээр грекчүүдийн ихэнх улс орноо евро бүсэд байлгах хүсэлтэй гэнэ. Үүний тулд ямар хохирол туулахаа тэд мэдэхгүйд л асуудал оршино. Европын лидерүүд зээлийн нөхцөлгүйгээр евро бүсэд Грек байх ёсгүй гэдэг. Гэхдээ грекчүүдийн ихэнх нь евро бүсдээ үлдээд зээлийн нөхцөл хэрэггүй гэж байгаа аж. Хэрэв эвслийн хэлэлцээр бүтэлгүйтвэл зургадугаар сард дахин нэг сонгууль Грект хийгдэнэ. Ийм тодорхойгүй байдал Грекийн олон улсын хөрөнгө оруулагч нарыг айлгаж байна.
Сэтгүүлчдийн хэлж байгаагаар сүүлийн сонгуулиар сонгогчдын санал олон жижиг намуудад очсон бөгөөд эдийн засгийн хатуу арга хэмжээний эсрэг эдгээр намууд одоо СИРИЗА намыг дэмжиж байгаа.
Хэд хэдэн удаагийн олон нийтийн санал асуулгаар дахин сонгууль болоход СИРИЗА эвсэл ялах болно. Тэр нь уг эвсэл дахин 50 мандат илүү авна гэсэн үг бөгөөд тэд эрх баригч болох юм. Энэ эвсэл Европын холбоо ба ОУВС-тай байгуулсан гэрээний нөхцлийн эсрэг байгаа юм. Ингэхлээр Грек евро бүсийг орхих нь бараг тодорхой боллоо гэсэн үг юм.