
Цагаан дэглий ууланд авирах багт Монгол Улсын Гавьяат тамирчин, “Эверестийн баатар” гэгдэх Г.Өсөхбаяр, “Mongolia Expeditions” компанийн захирал С.Алдархишиг болон Баян-Өлгий аймгийн уулчдын холбооны цөөн тооны уулчид багтсан байна. Уулчдаас техник, ур чадвар ихээр шаарддаг тул ийнхүү цомхон бүтэцтэй зорихоор шийдсэн гэнэ. Тэд тавдугаар сарын 17-нд нийслэлээс хөдөлж, 24-нд ирэх бөгөөд үндсэн авиралт гурав хоног үргэлжлэх юм байна. Тэд уулчдын тэр бүр зориглож авирдаггүй Цагаан дэглий ууланд авиралтын зам тавих, тэрхүү замыг баталгаажуулах, ингэснээр Алтан таван богд хайрхнаар хэмжигддэг ууланд авиралтын аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх зорилго тээжээ.